Бид Яруу арт продакшны залуу уран бүтээлч, The Raisins and Nuts хөвгүүдийн хамтлагийн гишүүн И.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Монголын томоохон дууны шоунуудад оролцож, хоолойны чадал, мэдрэмжээрээ ялгарсан тэр урлагийн гараагаа эхлүүлээд чамгүй хугацаа өнгөрөөд буй юм. Харин одоо тэр продакшны хамт олонтойгоо нэгдэж алтан үеийн арван киноны дууг амилуулан залуу үедээ түгээх ажилд ханцуй шамлан ороод байна.
-Сургуулиа төгссөнөөс хойш хамтлагт харьяалагдаж багагүй зүйлийг сурч, ойлгосон байх. Өнгөрсөн он жилүүд алдаа оноог нь дэнсэлсэн амжилттай хугацаа байв уу?
-Алдаа оноо олон байсан гэж хардаг. Хамтлагаараа бид хэд жаахан хугацаа алдсан. Гэхдээ хамтлаг маань тарчхаагүй. Бүтээлээ хийж л байгаа. Гэхдээ хувь хувийн амьдралаа ч гэсэн хөөж эхэлсэн. Мөнгө олох, амьдралаа залгуулах гээд олон даваа бидэнд тулж байгаа шүү дээ. Яруу арт продакшнд бие даасан бүтээл хийх хүсэлтэйгээр нэгдсэн юм. Намайг тусалж дэмжих хүн байна уу гээд л орж ирсэн дээ. Тэгэхэд ийм гоё хамт олон намайг угтаж авсан. Тэднийхээ нэг хэсэг, гэр бүл нь болоод хамт байх илүү тухтай байна.
-Цаг хугацаа алдсан гэдгээ тайлбарлаач?
-Хамтлагийн тухайд тавуулаа хоорондоо санаа нэгдэхгүй үе гарна. Санаа нэгдэх үе ч бий. Үл ойлголцол үүсэх үед хурал хийнэ гэсээр удаан хугацаанд юу ч хийхгүй, хийсэн бүтээлээ хадгалаад дараад өнгөрүүлчихдэг. Залуучуудыг битгий тийм байдалд оруулаасай гэж боддог. Цаг хугацаа чухал шүү дээ.
Мэдээж хүнд үе олон байсан. Тэр болгонд нугараад уначхалгүй “чадна даа, болно доо, бүтнэ дээ” гээд л өөрийгөө тайтгаруулаад явахад сэтгэл санаа сайхан байдаг юм.
БИ ЖИНХЭНЭ УРАН БҮТЭЭЛЧ БОЛОХЫГ Л ХҮСДЭГ
-Таны ойрын зорилго төлөвлөгөө юу байна?
-Би маш гоё аялгуутай сайн уран бүтээлд дуртай. Яг “жинхэнэ” уран бүтээлч болохыг хүсдэг. Зүгээр л энэ нэг залуу дуучин байна даа, яах вэ дээ, эвтэйхэн дуулчихдаг юм байна даа” гэж бодуулах биш. Манай салбарын акулууд гэж байгаа шүү дээ. Яг тэдэн шиг нэр хүндтэй уран бүтээлч болохыг хүсдэг. Тэгээд л тэрнийхээ төлөө яг хийх ёстой юмаа хийж байгаа.
-Уран бүтээлчид хэлбэрт баригдахгүй сэтгэдэг болсон. Нөгөө талдаа урлагийг хэтэрхий амархан хийгээд байх шиг харагддаг. Та юу гэж боддог вэ?
Урлагийг олон өнцгөөс хардаг болчихсон байна. Зүгээр нэг зураасыг хүртэл урлаг гэж хардаг болчихсон шүү дээ. Дахин давтагдашгүй зүйл байгаад байгаа учраас тэр. Миний хувьд нэг их шүүмжлээд байдаггүй. Хамгийн гол нь бид чинь Монгол үндэстэн шүү дээ. Хэтэрхий баруунжаад байгаа юм шиг санагдах болсон. Яг Монгол гэсэн юмаа хадгалж үлдвэл тэр чинь бидний өв соёл, үнэт зүйл. Бусдаар бол залуусаа дэмжээд л байж байдаг.
АЛТАН ҮЕИЙН КИНО, ДУУНУУДЫГ АМИЛУУЛЖ ТҮГЭЭХ НЬ БИДНИЙ ЭХНИЙ ДАВАА…
-Таны зорилго одоо хэрэгжиж байгаа төслийн зорилго яг цав таарч байгаа гэсэн үг үү?
-Тийм. Одоо яг манай Яруу артын хийж байгаа энэ төсөл надад үнэхээр таалагдаж байгаа. Анх Салса ахыг танилцуулахад нь л дэмжсэн. Яг тэр дээр үеийн гоё дуунуудыг дуулах үнэхээр мэдрэмж шаардсан ажил юм билээ. Бид эхний ээлжид тэр дууг яг тэр үеийнх юм шиг мэдрэмж төрүүлэхийн тулд дуулалтаа хүртэл өөрчилсөн. Одоохондоо улам сайжруулахын тулд, олон залуучуудад хүргэхийн тулд илүү орчин үелэг дуулалт хийхийг зорьж байгаа. Аль нь зөв, бурууг манай захирал маань шийднэ байх.
-Хуучны уран бүтээлүүдийг та жинхэнэ бүтээл гэж хардаг байх нь. Тийм үү?
Надад тэр үеийн кинон, дуунууд уран бүтээл шиг санагддаг. Миний хүсдэг зүйл л тэр байсан учраас надад маш гоё байсан. Залуучуудад монгол ахуй, монгол хүмүүжил гэдэг юмыг мэдрүүлсэн байх гэж бодож байгаа. “ Улаанбаатарт байгаа миний аавд” киноны далд утга чинь их гоё юм билээ шүү дээ. Бага байхдаа тогтож үзэж байгаагүй. Сүүлд л дахиж үзэхэд л нэг тийм гэр бүл гэдэг чинь ийм байдаг юм байна. Хүмүүжил гэдэг чинь ийм байдаг юм байна. Хүүхдээ тоохгүй байх юм бол ийм юманд хүрч болох юм байна, аав ээж нь хайхрамжгүй байж болохгүй юм байна гэдэг ч юм уу ирээдүйд яг нэг өөрийнхөө амьдралд ганц нэг юм сурахуйц уран бүтээл байсан болохоор аягүй өндөр мэдрэмж төрүүлсэн.
“…МИНИЙ АВИРЧ БАЙГАА УУЛЫН ОРГИЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА…”
-Та салбарынхаа акулуудын хэмжээнд хүрэхийг хүсдэг талаараа хэлсэн. Тэр оргил нь хэр хол бол?
Оргил гэсэн чинь нэг зүйл санаанд орчихлоо. Манай нэг СУИС-ийн найз байдаг юм. Тэр “Миний авирч байгаа уулын оргил харагдахгүй байна” гээд л ярьдаг. Хөгжилтэй гэх үү дээ. “Би тэр өндөр уулын бэл дээр байж байна” л гэнэ. Гэхдээ яах вэ, хүн ер нь их шуналтай шүү дээ. Одоохондоо бол Монголдоо танигдсан сайн хүү байхыг л хичээж байна. Тийм сайн уран бүтээлч, сайн хүү байхыг, монгол түмний сайн хүү байхыг мөрөөддөг. Тэрэндээ хүрч чадах үгүй нь надаас л шалтгаалах зүйл шүү дээ. Тэрэндээ хүрчих юм бол уулын оргил маань хаана байх юм бүү мэд.