
“Сүү” ХК нь 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлж, компанийн стратегийн ололт амжилт, цаашдын хөгжлийн бодлогоо олон нийтэд танилцууллаа.
Компанийн хувьд 2025 он тогтвортой өсөлт, санхүүгийн сахилга бат, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бодитоор нэмэгдүүлсэн шилжилтийн чухал жил боллоо. Тайлант онд борлуулалтын нийт орлого 221.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Энэхүү өсөлт нь хэрэглэгч төвтэй бодлого, бүтээгдэхүүний нэр төрлийг оновчтой хөгжүүлсэн байдал, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлсэн өөрчлөлтүүдийн үр дүн байв.
Салбарын хэмжээнд ч 2025 он “Сүү” ХК-ийн хувьд онцлох амжилтаар дүүрэн байлаа. Тайлант онд 31.2 сая литр түүхий сүү татан авснаар Монгол Улсын сүүний салбарт шинэ дээд амжилт тогтоож, түүхий эдийн баазаа тогтвортой бүрдүүлэх, малчид фермерүүдтэй урт хугацаанд хамтран ажиллах бодлого бодит үр дүнд хүрснийг харууллаа.
Үйлдвэрлэлийн тасралтгүй өсөлтийг хангах, ирэх жилүүдийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж буй “Сүү 2.0” үйлдвэрлэлийн хүчин чадлыг тэлэх стратегийн төсөл ашиглалтад орох шатандаа амжилттай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд хоногт боловсруулах сүүний хэмжээ 400 тоннд хүрч, олон улсын стандарт хангасан, шинэ технологи, дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэлийн шинэ шатанд шилжиж байгаа нь компанийн урт хугацааны өсөлтийн чухал суурь болж байна.


Энэхүү хөрөнгө оруулалт нь дотоодын зах зээл дэх манлайллыг хадгалахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм.
Бүтээгдэхүүний хөгжлийн чиглэлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд суурилсан шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, термоформ савлагааны шинэ шугамыг ашиглалтад орууллаа. Ингэснээр PROVITA йогурт, шинэ савлагаатай “Сайхан сүү”, БНСУ-ын Lavelee брэндийн зайрмаг зэрэг шинэ, сайжруулсан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.
Ийнхүү 15,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй “Сүү” ХК нь хамтын хүчин чармайлтын үр дүнд 2025 оны “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, ТОП-100 аж ахуйн нэгжийн 56-р байрт эрэмбэлэгдсэн амжилтаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа дүгнэлээ.
Энэхүү хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчид өөрсдийн оруулсан хувьцаа нь үр дүнгээ өгч, үндэсний үйлдвэрлэл улам өргөжиж, олон иргэдийг ажлын байраар хангаж эргэх холбоо нь нүдэн дээр нь ил харагдаж байгааг онцолж байлаа.
Компанийн удирдлагын зүгээс 2026 оноос эхлэн үйлдвэрлэл, зах зээл, ашигт ажиллагааг цаашид тэлж, хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны бодит өгөөж бий болгох стратегиа тууштай хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
МОНГОЛ СҮҮГЭЭР ДЭЛХИЙГ УНДААЛНА – СҮҮ ХК










