
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бодь”-ийн оффтейк гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хуулиараа 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар хянан шалгах хороо байгуулагдах эхний “даваа”-гаа давна. Одоогоор түр хороо байгуулан сонсгол хийхийг дэмжиж,
- Н.Номтойбаяр
- А.Ундраа
- Д.Пүрэвдаваа
- М.Сарнай
- Ц.Баатархүү
- Х.Тэмүүжин
- Даваагийн Цогтбаатар
- Г.Лувсанжамц
- Б.Мөнхсоёл
- Г.Ганбаатар нарын гишүүд гарын үсэг зуржээ.
Гарын үсэг зурах гишүүдийн тоо нэмэгдэнэ. Өнөөдөр хэд, хэдэн гишүүн “Бодь”-ийн оффтейк гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: УИХ-ын хяналт шалгалт тасралтгүй явах хэрэгтэй. Тийм ч учраас би ямар ч сонсголд оролцоход бэлэн байна. Тэр цаас ирэх юм бол гарын үсгээ зурна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 110 сая ам.долларын авлигын асуудал, “Бодь”-ийн оффтейк гэрээ, Харбины гэрээ бол үндсэндээ нэг асуудал. Бүгдийг нь шалгах ёстой.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Харбин, Бодь, Ухаа худаг бүгдийг нь шалгах ёстой. Гарын үсгээ зурна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Би нүүрсэн дээр байгаа бүх оффтейк гэрээнүүдийг шалгахыг, сонсохыг дэмжинэ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Бүрэн дэмжинэ. Төмөр зам тавихад яагаад заавал “Бодь” группийг сонгосон юм. Нүүрсээ хэдэн төгрөгөөр тооцож гэрээ хийсэн юм. Яагаад энэ гэрээг нууцлах болсон юм гэсэн шалтгаануудын хүрээнд асуудлыг ил тод болгох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хянан шалгах түр хороо байгуулахыг ямар ч тохиолдолд би дэмжинэ. УИХ-ын үүрэг чинь өөрөө энэ шүү дээ. Хянан шалгах, ил тод байлгах, ард түмэнд мэдээлэл өгөх, буруу зүйл байвал зогсоож, хязгаарлах, зөв зүйл байвал хязгаарлалтаас нь гаргаад дэмжээд явах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: “Бодийн гэрээ”-г ч, “Харбины гэрээ”-г ч хамтад нь шалгах ёстой.








