
С.Зориг нь Монголын ардчилсан хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, улс төрч, нийгмийн зүтгэлтэн байв. Тэрбээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрж, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Түүний амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдрийг хүртэл Монголын нийгэмд хөндөгдсөөр буй эмзэг сэдвийн нэг хэвээр байна.
С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн, түүний төрсөн өдөр болох дөрөвдүгээр сарын 20-нд жил бүр хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтсон.

Энэ жилийн цэцэг өргөх ёслолд түүний үзэл санаа, үйл хэргийг дурсан санаж, хамтран зүтгэж явсан журмын нөхөд журмын нөхдийн хуваалцсан дурсамжийг хүргэе.


С.Зориг шинийг эрэлхийлдэг, технократ маягийн хүн байсан
Түүний журмын нөхөр, Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж асан Л.Бямбажаргал гуай С.Зориг агсны тухай ийнхүү хуучилсныг хүргэж байна.
С.Зоригийг би МУИС-ийн Нийгмийн ухааны сургуульд багшилж байхаас нь мэднэ. Өөрөө Шинжлэх ухааны академид ажиллаж байсан, нэг үеийнхэн л дээ. 1989 оны 12 сараас хойш бидний харилцаа улам ойртсон. Би Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1992-2000 онд ажилласан болохоор бид байнга ажил төрлийн холбоотой явдаг байлаа.
Зориг бол их шинийг эрэлхийлдэг хүн байсан. Одоогийн хэллэгээр бол технократ маягийн. Нийгмийн ухааны хүн мөртлөө компьютер сонирхоно, шатар тоглоно. Тэр үед ийм шинж чанар ховор байлаа. Тийм болохоор байгалийн ухааныхантай ч их ойр байсан.
Тамхи бол их татна. 1990 оноос өмнө Монголд тамхины төрөл цөөн байсан. Тэр дундаа “Булгаар” гэж хамгийн сайнд ордог байлаа. Харин 1990 оноос хойш хүмүүс гадаадын янз бүрийн тамхи татдаг болсон.
Гэхдээ С.Зориг тамхиа сольдоггүй, “Булгаар”-аа л татсаар байсан.
Сүүлд “Апал” гэдэг тамхи блокоор нь авчихдаг болсон санагддаг.
Би ч өөрөө тамхиа сольдоггүй хүн. Монгол тамхи татдаг. Дассан зүйлээ солихоор нэг л өөр болчихдог юм.
С.Зоригтой хамт тамхи татаж суусан үе одоо ч бодогддог.
Сүүлд тэр Дэд бүтцийн хөгжлийн сайд болоод, би намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үе. Урьдынх шиг ойр ойрхон уулзахаа больсон. Би Улсын Их Хуралтай илүү ойр ажилладаг байлаа.
Харин гадаадын Элчин сайдын яамдын хүлээн авалтууд дээр байнга таарна. Солонгос, Хятадын баяруудын үеэр. Хойд Солонгосын арга хэмжээнд цөөн хүн очдог, яруу найрагч Ш.Сүрэнжав, С.Зориг бид хэд л оролцоно. Харин Өмнөд Солонгос, Хятадынх дээр бол хүмүүс олноор цугларна.
Хамгийн сүүлд бид Хятадын Элчин сайдын яамны хүлээн авалт дээр, аравдугаар сарын 1-нд уулзсан санагддаг. Тэр үед “Бид хоёр бараг уулзахаа байчихлаа. Чиний салбар чинь миний мэддэг зүйл. Би физикийн хүн шүү дээ” гэж ярьж байсан.
Тэр үед улс төрчдийн ашиг сонирхлын зөрчил улам хурцдаж байгааг анзаарагдаж байсан. Одоогийнх шиг мэдээлэл түгээх олон суваг байгаагүй, ордонд “экспресс” маягийн нэг хуудас мэдээ тараадаг байсан. Намын дотоод ажилд би ч нэг их оролцохоо больж эхэлсэн.
Эвслийн Засгийн газар байсан учраас хоёр намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар байнга холбоотой ажиллана. Гэхдээ тодорхой нэг өөрчлөлт, хандлага мэдрэгдэж байсан.
С.Зориг улс төрийн эрх ашгийг эрэмбэлэх тухай их ярьдаг байлаа. Эхлээд төр, дараа нь нам, эцэст нь хувь хүн гэж үздэг байсан.
С.Зориг агсныг нас барсныг анх сонсоход итгээгүй. Өглөө телевизээр гашуудлын нэвтрүүлэг гарч байхад П.Пүрэвдорж гуайнх байх гэж бодсон. Гэтэл утсаа асаахад олон хүн залгасан байсан. С.Баяр над руу залгаад “Яаралтай ир” гэсэн. Тэгээд очсон доо. Үүнээс цааш хэлэх үг олдохгүй байна…
Одоо бодоход… тэр үе их ойрхон хэрнээ их хол санагддаг юм.

С.Зориг байсан бол улс орон маань арай өөр замаар явах байсан даа гэж бодогддог доо.
Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Халиун овогт Данзангийн Батсайхан С.Зориг агсны төрсөн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөх үеэр ийн дурслаа.
“Өнөөдөр С.Зоригийн төрсөн өдөр, дөрөвдүгээр сарын 20. Бид Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул хүмүүс, нутгийнхан нь жил бүр энэ өдөр ирж хүндэтгэл үзүүлдэг. Зөвхөн нутгийнхан гэлтгүй Ардчилсан холбоо, Ардчилсан нам, Иргэний зориг намынхан гээд олон хүн ирдэг.
С.Зориг бол Монголын ардчиллын гол удирдагчдын нэг, ард түмэн бүгд мэднэ. Харамсалтай нь 1998 оны аравдугаар сарын 2-нд амь насаа алдсан. Тэр өдрийг ч, төрсөн өдрийг нь ч бид мартахгүйгээр дурсан өнгөрөөдөг.
Би 1996 онд Улсын Их Хурлын сонгуульд Дорнод аймгийн 17 дугаар тойргоос нэр дэвшиж, тухайн үед Ардчилсан намын хэвлэлийн албанд, штабд нь ажиллаж байсан. Тэр үеэс л С.Зоригтой ойр ажиллаж, нэг өрөөнд хамт сууж явсан.
Одоо бодоход, тэр хүн ингээд хөшөө болчихсон байгааг харахаар сэтгэл хүнд л байдаг. Хэрвээ амьд байсан бол өнөөдрийн төр, засаг арай өөр байх байсан гэж боддог. Одоо улс төрийн намууд хоорондоо зөрчилдөж, эрх ашиг булаацалдсан байдалтай байна. Харин С.Зориг бол тийм хүн байгаагүй.
Тэр хүн нэг зарчим барьдаг байсан. Эхлээд улс орны эрх ашиг, дараа нь нам, хамгийн сүүлд хувь хүний эрх ашиг гэж. Өөрийн эрх ашгийг хойш тавьж, улс орноо нэгдүгээрт тавьдаг хүн байсан.
Сонгуулийн кампанит ажлаар хамт явахад хүмүүс С.Зоригийг харах гэж их цугларна. Зүгээр л нэг улс төрч биш, ухаантай хүн гэж хардаг байсан. Аймаг, орон нутагт очиход хүмүүс уулзах гэж дараалал үүсгэнэ. Түүний үгийг сонсох гэж ирдэг байлаа.
1990 оны цуглаанууд дээр ч ялгаагүй. Талбай дээр олон мянган хүн цуглачихсан байхад С.Зориг гараа өргөхөд л хүмүүс нам гүм болж, үгийг нь анхааралтай сонсдог байсан. Тийм нөлөөтэй хүн байсан.
Хувь хүнийх нь хувьд бол их энгийн. “Би дарга хүн” гэсэн зан огт байхгүй. Хэнтэй ч энгийн, ойлгомжтой ярьдаг. Дотночлон харилцдаг.
Тамхи их татна. Тэр үед “Булгаар” тамхи татдаг байсан. Өрөөндөө тамхи тавьчихна, хүмүүс орж ирээд “Зоригтойгоо хувааж татъя” гээд л хамт татдаг байсан. Би өөрөө тамхи татдаггүй ч тийм уур амьсгал дунд хамт байж явсан.


“Эрх чөлөө агаар ус шиг хэрэгтэй байсан үе”
С.Зориг агсны журмын нөхөд Р.Бадамдамдин, Л.Лхамсүрэн нар түүнийг ийн дурслаа.
Тэр үед талбай дээр цугласан хүмүүс бүгд эрх чөлөөг л хүссэн хүмүүс байсан. Хил давах, гадагшаа явах тухай бодол байгаагүй. Зүгээр л эрх чөлөө гэдэг зүйл Монголд агаар, ус шиг хэрэгтэй байсан учраас хүмүүс цугласан юм.
Амьсгалах агааргүй хүн хэр тэсэх билээ дээ, түүнээс илүү дарамттай байдалд байсан. Тийм учраас 30 гаруй мянган хүн анх Ялалтын талбайд цуглаж, дараа нь төв талбай руу шилжсэн.
1990 он бол хүмүүс анх удаа сэтгэлийн дуудлагаар, сайн дураараа жагсаж эхэлсэн үе. Өмнө нь бүх жагсаал, цуглаан төрөөс зохион байгуулалттай явагддаг байсан шүү .
Харин энэ удаа хүмүүс өөрсдөө нэгдэж, төр засгаа ил тод шүүмжилж, шинэ бодлого, шинэ уур амьсгал шаардаж эхэлсэн. Удирдагчийг нь ч ард түмэн дундаасаа тодруулсан. Хэнийг дагах вэ, хэний үгийг сонсох вэ гэдгийг аяндаа шийдэж байсан.
Тэр үед сэхээтнүүд, юм уншдаг, дэлхийн хөгжлийг хардаг хүмүүс л тодорч гарч ирсэн. Оросын Горбачёвын шинэчлэлийн нөлөө ч Монголд хүчтэй орж ирсэн үе. Тэр бүхнийг ойлгож, бусдыгаа уриалан нэгтгэж байсан хүмүүсийн нэг нь С.Зориг.
С.Зориг бол маш ухаалаг, өргөн хүрээнд сэтгэдэг хүн байсан. Юмыг жижиг өнцгөөс биш, дэлхийн хэмжээнд харж дүгнэдэг. Дээрээс нь хошин мэдрэмж сайтай, энгийн, дотно хүн. Тийм болохоор хүмүүс үгийг нь сонсдог байсан.
1990 оны жагсаал дээр ч ялгаагүй. Талбай дээр олон мянган хүн байхад С.Зориг гараа өргөхөд л нам гүм болж, бүгд анхааралтай сонсдог байсан. Тийм нөлөөтэй удирдагч байсан.
Харин 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр болсон явдал бол үнэхээр хүнд цохилт байсан. Эхэндээ хүмүүс итгээгүй. Тэр үед Засгийн газрын асуудал, Ерөнхий сайд томилох тухай яриа ид өрнөж байсан.
С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал гарч, тэр өөрөө удаа дараа татгалзаж байсан. Гэхдээ хамгийн сүүлд, яг тэр өдөр найз нөхөдтэйгөө ярилцаад саналыг хүлээж авах шийдвэрт хүрсэн. Бид тэр өдөр хамт байсан.


Тэгээд орой нь ийм зүйл болчихсон. Хэрвээ тэр шийдвэрийг гаргаагүй бол яах байсан бол гэж хожим бодогддог. Тэр өдөр Ерөнхий сайд болох шийдвэр гаргасан нь энэ бүхний шалтгаан болсон юм биш биз гэсэн бодол ч төрдөг.
Үнэндээ бол илүү болгоомжтой байх ёстой байсан. Хамгаалалтад авах боломж байсан ч тухайн үед тийм зүйл хийгдээгүй.
Хэрвээ тэр үед түүнд хэлэх боломж байсан бол бид “Ерөнхий сайд болоорой, хамтраад явъя” гэж л хэлэх байсан. Тэр үгийг ч хэлсэн, ярьсан байсан.
С.Зориг бол албан тушаалын төлөө зүтгэдэг хүн байгаагүй. Дэд бүтцийн хөгжлийн сайдынхаа ажлыг хийе, өөр хүмүүс Ерөнхий сайд болоход болно гэж даруухан ханддаг байсан.
Ер нь С.Зориг ганцаараа биш, олон хамтрагчтай, нэг үеийн ардчиллын зүтгэлтнүүдтэйгээ хамт явж байсан. Хэрвээ амьд байсан бол тэр хүмүүсийнхээ дунд, хамтдаа улс орныхоо төлөө зүтгэсээр л байх байсан.


Одоо бодоход… эрх чөлөөний төлөө нэгдэж байсан тэр үе, тэр хүмүүсийн итгэл үнэмшил хамгийн үнэтэй байсан юм даа.













