УИХ-ын ээлжит сонгуульд Баян-Өлгий аймаг дангаараа тойрог болж оролцоно. Сонгуулийн гуравдугаар тойрог гурван мандатай.
Энэ удаа УИХ-ын гишүүн Х.Баделханы хүн гэгдэх Т.Аубакир мөн л нэр дэвших нь. Тэр УИХ-ын гишүүн болсон гэсэн шиг өөрийн хүмүүсээ албан тушаалд томилж, аймгийн удирдлагуудаараа ургийн мод зурдаг нэгэн. Тодруулбал, өөрийн хүргэн З.Азатыг Онцгой байдлын газрын даргаар томилсон бол Халамжийн газрын даргаар хамаатны хүүхэд болох Х.Амир гэгчийг томилуулахаар улайрч байсан удаатай.
Уг нь Т.Аубакир аймаг, тойргийнхоо иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүн болсон. Гэтэл зөвхөн өөрийн ах дүүдээ санаа тавих болсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.
Энэ талаарх гомдол өнгөрсөн зун ҮАБЗ-д ч хүрч, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр багагүй анхааруулга, даалгаврыг аймгийн Засаг дарга Д.Бауыржанд өгсөн байдаг.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, “Рысжан” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Жангабыл:
УИХ-ын гишүүн Т.Аубакир өнгөрсөн оны хавраас хойш Х.Жангабыл гэх дагуултай болсон гэлтэй. Х.Жангабыл 2022 оны аравдугаар сард МАН-д элссэн. Улмаар 2023 оны нэгдүгээр сараас УИХ-ын гишүүн Т.Аубакиртай хамтарч Баян-Өлгий аймгийн малчдад өвс тэжээл, гурил будаа тарааж эхэлсэн. Түүнээс хойш Т.Аубакир Баян-Өлгийд очсон л бол Х.Жангабыл хамт явдаг болсон талаар мэдэх хүмүүс ярих болж.
Тэр Баян-Өлгий аймгийн шатахууны “магнат” бөгөөд түүний “Рысжан” ХХК нь Орос, Казакстанаас шатахуун оруулж ирж, Баян-Өлгий аймагтаа 14 салбар шатахуун түгээх станцаар дамжуулан худалддаг. Мөн шатахууны бизнесээ Баян-өлгийгөөс, Улаанбаатар хот руу салбарлуулж эхлээд буй.
Х.Жангабыл нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Х.Нурлаттай үй зайгүй гэх нь ч бий.
Тэд 2010 оноос хойш Баян-Өлгий аймгийн сумо бөхийн холбоог хамтран удирдаж ирсэн байнө. Х.Нурлатын нүүрсний хулгайн мөнгөөр Казакстанд орон сууцны нэг хороолол, амины хаусны нэг хотхон тус тус барьсан гэх.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Сархадын Зулпхар
Тэрээр Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул. С.Зулпхарыг улс төрд хөтөлсөн хүн нь УИХ-ын гишүүн асан А.Тлейхан. Баян-Өлгийнхөн С.Зулпхарыг А.Тлейханы ээжийнх нь эгчийнх нь хүүхэд гэлцдэг. Тэо 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдож, өнгөрсөн дөрвөн жил дэд сайдын хувиар Баян-Өлгийг хэдэнтээ тойрч өөрийгөө таниулсан билээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен
Тэрээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул. 1989-2012 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх, 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа намтартай.
УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагтаа “Бэйс-Шипа” гэх хувийн эмнэлэгтэй. Б.Бейсен өөрөө “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ зөвлөх эмчээр ажилладаг. Харин охин Б.Ботажан нь “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ ерөнхий мэс заслын эмчээр, охин Б.Маралдын нь дотрын их эмчээр, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр тус тус ажилладаг.
АН-ын дэд дарга Ш.Жандос
Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын уугуул. Ш.Жандос 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болмогц туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2013 онд Геологийн төв лабораторийн Тамгын газрын даргаар томилогдож, хоёр жил ажилласан. 2015 онд Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдож, мөн л хоёр ажилласан. Ингээд 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон. Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2023 онд АН-ын 15 дэд даргын нэгээр сонгогдсон.
Ш.Жандос АН дотроо том артайд тооцогддог. Тиймдээ ч ирэх сонгуульд горилж буй. Хамгийн ноцтой нь, Ш.Жандос 2022 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар АТГ-т өөрийн хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гадаад дахь дансандаа 75 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Намынх нь томчууд түүний нэрийг түр зээлдэж, гадаадад 75 тэрбумын хадгаламж нээчихсэн хэрэг үү, эсвэл илүү том “эзэн” түүнд бий юу.