УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уналт, таталтын эсрэг эмийн жагсаалтад /хөнгөлөлттэй/ тураах эм орсон талаар хэлж, учир шалтгааныг асуулаа.
Асуудалд эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд дээрх асуудалд тайлбар хэлэв. Тэрээр, “Л карнитин эмийг шууд тураах үйлчилгээтэй эм гэж ойлгож болохгүй. Төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлагдах хам шинж, явдлын тэнцвэр, хэм алдагдах үед үүнийг хавсрах байдлаар хэрэглэдэг. 2022 оны зургаадугаар сард уналт таталттай, тархины саа, саажилттай хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж байсан юм. Ингээд 44 нэр төрлийн эмийг хөнгөлсөн. Тодруулбал 0-18 настай унаж, татдаг хүүхдийн хэрэглэх эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх, насанд хүрэгчдийг 70 хувь хөнгөлөх тогтоолыг гаргасан” гэв.