Египет болон Газын зурвасын хилтэй тун ойр байрладаг хилийн хот болох Рафах хот руу Израилын зэвсэгт хүчин сүүлийн өдрүүдэд хүчтэй дайралтуудыг хийж байгаа. Улмаар Египет улсын удирдлагууд хилийн аюулгүй байдал алдагдаж байна хэмээн дүгнэсэн бололтой.
Учир нь Египет улс Газын зурвасын хилийн ойролцоо хана барьж байгаа нь хиймэл дагуулаар авсан дүрсээс ажиглагдсан байна. Тодруулбал, АНУ-ын Колорадо мужид байршилтай Maxar Technologies гэх нэгэн сансар судлалын компанийн хиймэл дагуулаар Египет болон Газын зурвасын орчмыг ажигласан байгаа юм. Сүүлийн 5 өдрийн турш хиймэл дагуулаар авсан зургуудыг харьцуулан харахад Газын зурвасын хилийг дагуулан газар бульдозердсон байгаа нь, мөн кранууд хилийн ойролцоо байралсан байгаа нь харагдсан байна.
Бүтээн байгуулалтын ажил дуусах үед тэрхүү хана нь Рафах боомтыг хаагаад зогсохгүй газар дундын тэнгис хүртэл үргэлжилнэ гэж шинжээчид таамагласан байна. Израил улсын засгийн газрын зүгээс мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш Египет улсын эрх баригчдыг Газын зурвастай хиллэдэг боомтуудаа хаахыг шаардсаар ирсэн. Хэрвээ хиймэл дагуулын авсан зургаар харагдсан тэрхүү хана Газын зурвасын хилийн зурвасыг тэр чигт нь хаавал Газын зурваст нөхцөл байдал улам дордож болзошгүй юм. Израилын зэвсэгт хүчний дайралтуудын улмаас Рафах хотод 1 сая гаруй Палестинчууд хоргодож байгаа.