Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба, зурхайч З.Санждорж ирж буй "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн өнгө төлөвийг тайлбарлалаа.
З.Санждорж: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд луу жилийн луу өдөр тохиож байгаа. Энэ нь найман сайн бүрдсэн өдөр юм. Энэ өдөр нь өвчин зовлонгүй, нас урт, төгс жаргалтай, эд баялаг эрхэм сайн, нэр алдартай, хувь тавилан сайтай, эдлэл хэрэгсэл төгөлдөр, сайхан бүхэн тохиох утгыг бэлгэддэг. Тиймээс сайныг бодож бусдад сайныг хэлбэл зохилтой. Мөн энэ жил гурван хөх мэнгэ голлож байгаа. Хавдар өвчин, боом дэлгэрэх төлөвтэй. Шороон махбодтой жил гарч байгаа учраас газар тариалан эрхлэх, үр тариа тарихад ургац арвин гарна.
Энэ жил "Томо" хэмээх модон луу жил гарч байгаа. Зарим газар "Хилэнт эх" хэмээн орчуулсан нь зохимжгүй. Жилийн ёгт нэрийг махчилж орчуулах нь буруу. Жилийн өнгийг Төвд орчуулгын нэрээр тодорхойлж яавч болохгүй. Манайхан "Хилэнт эх" гэхээр их хатуу жил гарч байгаа гэж ойлгоод байгаа. Угтаа өлзийтэй сайхан жил гарч байгаа юм.