Кенийн нийслэл Найроби хотод хүчтэй хийн дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 300 орчим хүн шархаджээ. Тодруулбал, Эмбакаси дүүрэгт 23:30 орчимд хий тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрч, гал түймэр гарсан аж. Үүний улмаас олон тооны орон сууц, аж ахуйн нэгжүүд, машинууд эвдэрч сүйдсэн бөгөөд орон сууцны хорооллын ойролцоо асар их түймэр гарсныг албаныхан мэдээлсэн.
Өмнө нь тус улсын засгийн газар хийн үйлдвэрт дэлбэрэлт болсон гэж мэдэгдэж байсан ба шалтгааныг одоогоор тодорхойлоогүй, шалгаж байгаа юм. Эмбакаси хотын цагдаагийн дарга дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын дунд хүүхэд байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэж анхааруулжээ. Кенийн Улаан загалмайн нийгэмлэг 271 хүнийг эмнэлэгт хүргэж, 27 хүнийг газар дээр нь эмчилсэн гэж мэдэгдсэн байна. Тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Исаак Мваура Мваурагийн хэлснээр “Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн тээврийн хэрэгсэл, худалдааны объектууд, тэр дундаа олон жижиг дунд бизнесүүд хохирлоо. Мөн харамсалтай нь ойр орчмын орон сууцны барилгууд галд автсан бөгөөд шөнө орой байсан тул олон оршин суугчид дотор нь хэвээр байсан” гэжээ. Шархадсан хүмүүсийн ихэнх нь амьсгалын замын гэмтэлтэй байсан бөгөөд тэдний дотор дор хаяж 25 хүүхэд байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.