УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу гурван жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон юм.
Тэгвэл Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар ямар үндэслэлээр ял авсан талаар уншигч та бүхэнд мэдээлье.
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖӨӨД ТАВАН ЖИЛ…
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр таван жил есөн сарын хорих ял авлаа.
Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хахууль авсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр шүүхээс ял оноожээ.
Шүүгдэгч Б.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэж үзэв.
Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноов.
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨНӨӨ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ ГЭЭД ГУРВАН ЖИЛ…
Их наядаар тоологдох өртөгтэй нүүрсний хулгайн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай хамтарч, үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнийгээ тайлбарлаж, чадаагүй гэх үндэслэлээр шүүхээс ял оноолоо. Шүүгдэгч Т.Аюурсайханыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, Т.Аюурсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял, оноов.