БНАСАУ энэ сард хэд хэдэн удаа далавчит пуужин харваж, бүс нутгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгээд буй. Тэгвэл энэ нөхцөл байдлыг үл харгалзан БНХАУ-ын гадаад хэргийн дэд сайд Сүн Вэйдун БНАСАУ-ын гадаад хэргийн дэд сайд Пак Мёнхотой сарын дотор хоёр дахиа уулзсан юм. БНАСАУ болон Хятад улсууд тактикийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалахаар тохиролцлоо гэж БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн агентлаг Бямба гарагт уг уулзалтыг тодорхойлон мэдээлсэн. Тодруулбал, Хятад улс хоёр улсын стратегийн харилцаа холбоог "бүх түвшинд" бэхжүүлэхээ амлаж, Хятадын байр суурь өөрчлөгдөхгүй тухай бататгажээ.
Сүн Вэйдун пүрэв гарагт Пёньянд хүрэлцэн ирсэн байна. Ингэснээр БНАСАУ АНУ, БНСУ-тай сөргөлдөөнөө эрчимжүүлж, үүнтэй зэрэгцэн Хятад, Оростой харилцаагаа сайжруулж буйгаа харуулсан хэрэг явдал боллоо хэмээн гадны хэвлэлүүд тодотгож буй. БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, уламжлалт холбоотон орнуудтайгаа харилцаагаа эрс сайжруулж эхэлсэн. Өмнө нь НҮБ-д баллистик пуужин болон цөмийн хөтөлбөрийнх нь төлөө БНАСАУ-ын эсрэг санал өгч байсан Хятад,Орос хоёр 2017 оноос хойш БНАСАУ-ыг өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж байгаа хэмээн байр суурийг нь дэмжиж, нэмэлт хориг арга хэмжээ авахад нэгдэхээс татгалзсан юм.