Өчигдөр болсон ослын улмаас орон сууц нь шатсан 17 өрхийн 65 хүнийг "Copper" зочид буудал руу нүүлгэн шилжүүлээд байна.Зочид буудалд байрлаж байх хугацаанд нь сэтгэл зүйч, сэтгэл засалч нар хамтран үзлэг хийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэд сэтгэл санаа нь хүнд, айдастай, хүнтэй ярихаас татгалзсан, хаалттай байгаа талаар сэтгэл зүйчид ярилаа.
БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн сэтгэл зүйч А.Ариунгэрэл:
Арван гурван настай хүүхдээс наян дөрвөн настай хөгшин хүртэлх насны 65 хүн байрлаж байна. Үүнээс найман хүнд ганцаарчилсан зөвлөгөө өгөх шаардлагатай, сэтгэл зүйн хүнд нөхцөлд байгаа. Айдастай, хаагдмал, хүнтэй харилцахаас зайлсхийсэн байдалтай байна. Бага насны хүүхэдтэй айлууд хүүхдээ ойр дотны хүмүүстээ өгч гэрт нь түр байрлуулж байгаа. Хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй хүүхдүүдээ Төв аймгын айл руу явуулсан. Хүүхдүүд нь хар дарж зүүдлээд байна гэсэн мэдээ байгаа. Гэхдээ одоогоор зөвхөн эдгээр хүмүүс сэтгэл зүй нь хүнд, бусад нь зүгээр байна гэж хэлэх аргагүй. Сэтгэл зүйн гэмтэл хожим нь бий болдог.
Бид мөн Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээс мэдээлэл авлаа.
Э.Ганхүү: Иргэдийг өглөөний дөрвөн цагаас эхлэн байрлуулж эхэлсэн. Одоо ч хүмүүс нэмэгдэж ирсээр байна. ХНХЯ-ны харьяа агентлаг, байгууллагууд бүгд хамтран ажиллаж байна. Эхний ээлжийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Энд хэр удаан хугацаанд байршуулах нь тодорхой болоогүй байна.