НАТО хүйтэн дайны үеэс хойших хамгийн том цэргийн сургуулилтаа хийх гэж байна. Уг сургуулилтын гол зорилго нь “Европын зүүн хэсэгт орших гишүүн орнуудын зүг ирж болзошгүй аливаа түрэмгийллийн эсрэг бэлэн байдлыг хангах” гэж НАТО-гийн ахлах ажилтнууд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тодруулбал, ахлах командлагч Крис Каволигийн мэдээлснээр сургуулилт энэ оны 5-р сар хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Мөн нийт хамрагдах цэргийн тоо 90 мянга гэв. Эдгээр 90 мянган цэргийг Хойд Америк болон Европын гишүүн орнуудаас бүрдүүлэх юм. Үүний өмнө өнгөрсөн оны 6-р сард НАТО 40 мянган цэргийн хамруулсан бэлтгэл сургуулилт хийсэн нь Хүйтэн дайны үеэс хойших хамгийн том сургуулилтад тооцогдож байсан билээ. Тун удахгүй эхлэх гэж буй энэ удаагийн сургуулилалтад 50 хөлөг онгоц, 80 гаруй байлдааны тийрэлтэт хөдөлгүүртэй болон нисгэгчгүй онгоц ашиглагдах юм. Мөн явган цэргийн бэлтгэл сургуулилтад зориулж 1100 гаруй танк, байлдааны тоног төхөөрөмж, хэрэгсэлүүдийг дайчлах аж. Ийнхүү сүүлийн 1-2 жилд НАТО тун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Украины дайнтай холбоотой байж магадгүй байна.