
Оюу толгой компанийн Тусгай төслийн хэлтсийн орлогч захирлаар ажиллаж байсан Австралийн иргэн Оле Сэверудыг насанд хүрээгүй хүүхдүүдийн зураг бичлэг хадгалсан, насанд хүрээгүй хүүхдүүдэд ёс бус материал түгээсэн хэргээр өнгөрсөн мягмар гарагт гэрээс нь баривчилжээ.
2020 оны 1-р сард Австралийн Цагдаагийн газарт Оле Сэверуд нь Монголын уул уурхайн компанид өндөр албан тушаал хашиж байхдаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл ирсний дагуу Австралийн хууль сахиулагчид Оле Сэверудыг шалгаж эхэлсэн аж. Шалгалтын явцад цагдаа нар О.Сэверуд нь Индонези улсад оршин суух хугацаандаа 2022-2024 онуудад насанд хүрээгүй хүүхдүүдийн зураг, дүрс бичлэг хадгалсан олон удаагийн хэрэгт холбогдсоныг олж тогтоожээ. Квинслэнд мужийн Маккай бүс нутгийн шүүх Оле Сэверуд танил тал, нэр нөлөө, их хэмжээний мөнгө санхүүгээ ашиглан оргон зайлж болзошгүй гэж үзэн түүнийг батлан даалтаар гарахыг зөвшөөрөөгүй байна.
75 настай Оле Сэверуд нь 2011 оноос хойш Монгол, Индонез, Папуа Шинэ Гвинейд зэрэг орнуудад ажиллаж байсан ба энэ хугацаандаа тухайн орнуудад үл хөдлөх хөрөнгөтэй болсныг цагдаа нар илрүүлжээ. Түүнийг Австрали улсын нутаг дэвсгэрээс гадна насанд хүрээгүй хүүхдийн зураг, дүрс бичлэг эзэмшсэн 11 удаагийн хэрэг, 16-аас доош насны хүүхдэд ёс бус материал түгээх зорилгоор хүргэлтийн үйлчилгээ ашигласан 2 удаагийн хэрэгт буруутгаж байгаа аж.
Цагдаа нар Оле Сэверудын Gmail, WhatsApp, Apple аккаунтуудыг шалгаж, насанд хүрээгүй хүүхдийн зураг, дүрс бичлэг бүхий 51 файл олж илрүүлсэн ба тэрээр 2025 онд Индонезийн хууль сахиулагчид түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай нутгийн иргэнээс сонссон даруйдаа эх орон руугаа руу буцжээ.
Түүнчлэн Австралийн хууль сахиулагчид Монголын Гадаадын иргэн харьяатын газраас 2025 оны 7-р сард Оле Сэверудыг Монгол улсын хилээр нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасныг Оле Сэверуд танил талаа ашиглан хүчингүй болгохыг оролдсон нь бүтэлгүйтсэн болохыг тогтоожээ.
Эх сурвалж: ABC News








