
Орон даяар хэрэгжиж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан баг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн МАН-ын дарга, Засаг дарга Л.Төмөрбаатар, аймгийн Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Нийгмийн даатгалын газрын дарга нар, Цэцэрлэг сумын намын дарга, Засаг дарга Ч.Дашдаваа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.


Тус уулзалтаар Цэцэрлэг сумын 120 гаруй намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалт, шийдвэрлэх асуудлууд болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн талаар санал солилцлоо.
Мөн МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.


Уулзалтын үеэр Цэцэрлэг сум нь Улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төв Мөрөн хотоос 210 км-ийн зайд оршдог алслагдсан сум тул төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай талаар онцоллоо.


Түүнчлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын зүгээс хүний нөөцийн дутагдал нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал болсон талаар хэлж, мөн барилгын нөхцөл байдал хуучирч, өвлийн улиралд хүйтэн байдаг талаар санал хүсэлтээ илэрхийллээ.


Мөн Цэцэрлэг сумын намын хорооны ахмад настан 103 настай Э.Сосорбарам, 87 настай Ц.Гаалиа гуайнд МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, санал хүсэлтийг нь сонслоо.
















