Нэгдүгээр сарын 17-ны өдөр, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурав.
Энэ үеэр Засаг дарга Д.Мөнхбаатар “Өвсний үндэс хөтөлбөр нь Төв аймагт 1994 оноос хойш хэрэгжиж байна. Хөтөлбөрөөр аймгийн нийт иргэдэд чиглэсэн боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 24 төсөл хэрэгжиж, аймгийн 20000 гаруй иргэн шууд үр шимийг хүртэж байна. Тусламж үзүүлж буй Япон Улсад талархал илэрхийлье” хэмээв.
Уг төслийн хүрээнд Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд засварын ажил хийгдэх юм. Үүнд: хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, шал хаалга), цахилгаан шугам (самбар, гэрэлтүүлэг, унтраалга, залгуур)-ыг засварлах ба төсөл хэрэгжснээр сургуулийн эрүүл, аюулгүй орчин бүрдэж, тус сумын боловсролын чанар дээшлэх боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих тус хөтөлбөрийн 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 238,506 ам.доллар юм.
Элчин сайд М.Игавахара төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа 2022 онд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд засварлагдсан Зуунмод сумын “Бүжинхэн” цогцолбор цэцэрлэгээр зочилж цэцэрлэгийн ашиглалт, үйл ажиллагаатай танилцав. Мөн Элчин сайд Тоттори муж болон Төв аймгийн найрамдалт харилцааны хүрээнд тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд үйл ажиллагаа явуулж буй япон хэлний дугуйлангийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд багачууд япон хэлийг шимтэн сурч буйг үзэж сонирхов.