
Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв.
Сангийн сайд З.Мэндсайхан, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений 2025 оны 5 дугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр 60 сая еврогийн эх үүсвэртэй Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах эрмэлзлэлийн захидлыг хоёр улсын Сангийн яам хооронд байгуулсан болохыг тус хуралдаанд танилцууллаа.
Хэлэлцээрийн хүрээнд холбогдох яамдаас санал авч, ЭЗХЯ-наас эдийн засаг, нийгмийн үр өгөөж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт туссан байдлаар нь эрэмбэлсэн. Үүний дагуу төслийн жагсаалтыг Австрийн талд хүргүүлэн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнг 65 сая евро байхаар тохиролцсон юм.


Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан. Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 56.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ.
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг долоон байгууллагын нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлнэ.








