
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Угтаа Үндсэн хуулийн цэц өнгөрөгч долоо хоногт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн тухай хуулиар 6 жилээр 1 удаа томилно гэснийг үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргахад хугацаа нь дуусч буй Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин томилогдох орон зайг бий болголоо гэж олон нийт үзэж байсан ч энэ асуудал олны шүүмжлэлд ихээр өртсөн учраас өчигдөр болсон Ерөнхий шүүгчийг томилох Шүүгчдийн зөвлөгөөнд Д.Ганзориг нэр дэвшсэнгүй бололтой.
Харин дээрх 2 нэр дэвшигчээс Ц.Цогтыг томилуулахаар болжээ.
Ц.Цогт нь захиргааны эрх зүй, захиргааны процессын эрх зүй, шүүхийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, хууль зүйн ухааны доктор (LL.D) бөгөөд шүүхийн байгууллагад тасралтгүй 28 жилийн турш ажилласан туршлагатай хуульч юм.
Тэрээр,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн;
- АНУ-ын Уилламетте их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан;
- Япон Улсын Нагояагийн их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
Ажлын гараагаа 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар эхлүүлж, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн туслахаар ажилласан.
- Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж,
- 2021 оноос Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Одоо асуудал Ерөнхийлөгчийн шийдвэрээс шалтгаална. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгч Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхий шүүгчийг томилох эсэх талаар зарлиг гаргах юм.








