2023 онд 2.6 сая зорчигч Монгол Улсын хилээр нэвтэрснээс 75.7 хувь нь монголчууд, 24.3 хувь нь гадаадын иргэд байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Гадаадад зорчсон монгол иргэдийн тоо давхардсан тоогоор хоёр сая хүрснээс дийлэнх нь буюу 67.6 хувь нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оныхоос 3.2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн гадаад улсад ажиллах, суралцах болон байнга оршин суухаар зорчсон иргэдийн тоо ч өсжээ.
2020, 2021 онд улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын тоо гарсан зорчигчдоос их байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд хилээр гарсан зорчигчдын тоо, хилээр орсон зорчигчдоос их болсон үзүүлэлттэй байна. Харин Монгол Улсын хилээр орсон гадаад иргэдийн тоо 644.1 мянга хүрсэн нь өмнөх оноос 2.1 дахин өссөн үзүүлэлт боллоо. 88.9 хувь нь 30 хоног хүртэл, 8.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна.