Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Энэ үеэр хот тохижилттой холбоотой мэдээллийг албаныхан өгсөн байна. Тодруулбал, гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж байсан есөн байгууллагыг дүүргүүдэд шилжүүлжээ. Гэрэлтүүлгийн асалтад шалгалт хийхэд нэгдүгээр сарын 6-10-ны хооронд гэрэлтүүлгийн асалт 98.2 хувьтай байсан бөгөөд 20 орчим гудамж, талбайн 395 гэрэл асахгүй байгаа зөрчил илэрчээ. Өнгөрсөн 11 хоногт дүүргүүд халтиргаа гулгааг арилгах зорилгоор хариуцсан гудамж, талбайдаа нийт 596 тонн давс, 820 тонн бодис, 195 шоо метр хайрга цацсан байна. Түүнчлэн 25 аж ахуйн нэгж, хоёр төрийн бус байгууллага ногоон байгууламжийн арчилгаа буюу бутыг цасаар манах, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх зэрэгт өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байгаа юм.