2024 оны нэгдүгээр сарын 08-наас 14-ний өдрүүдэд дотоод болон хилийн чанадад спортын ертөнцийг донсолгосон олон үйл явдлууд болж өндөрлөлөө.
Спорт сонирхогч, олон түмнийг баясган цэнгүүлдэг, омогшуулж бахархуулдаг тамирчдын амжилт, ялалтыг тоймлон өгүүлье.
Энэхүү тоймынхоо эхэнд дотоодод болж өндөрлөсөн, шуугиан тарьж, спортын фэнүүдийг суудлаас өндөлзүүлсэн спортын тэмцээн уралдаанд тамирчны гаргасан амжилт, сонирхолтой мэдээллийг онцлоё.
Шинэ аваргуудтай, шинэлэг онцгой өрсөлдөөнтэй чөлөөт бөхийн
насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ
Монголын чөлөөт бөхийн холбооноос насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ийг нэгдүгээр сарын 11-14-ны өдрүүдэд олон онцлогтойгоор зохион байгууллаа.
- Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ийн жинд Улсын Харцага Г.Ганхуяг түрүүлж аваргалснаар "Парис 2024" олимпын наадмын эрх олгох тэмцээнд зодоглохоор болж байна. Хэрвээ тэрээр эрхээ авбал зуны олимпын наадмын дэвжээнд өрсөлдөх болно.
- Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд төрсөн эгч, дүүс дараалан түрүүлж алтан медаль хүртснээр онцгой чимэг боллоо. Эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд Б.Анударь түүний төрсөн эгч ДАШТ-ий мөнгөн медаль Б.Хулан 53 кг-ийн жинд тус тус түрүүллээ. Ингэснээр эгч, дүүс олимпын эрх олгох тэмцээнд хамтдаа зорихоор болж байгаа юм.
- Оны өмнөхөн чөлөөт бөхийн ДАШТ-ээс "Парис 2024" зуны олимпын эрхээ аваад байсан МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар энэ удаагийн УАШТ-ийг өнжсөн юм. Учир нь тэд хилийн чанадад болсон Хорватын "Загреб опен-2024" тэмцээнд өрсөлдөж байсан билээ.
- 2024 оны улсын аваргын хамгийн сонирхолтой барилдаан 65 кг-д өрнөж “Хүч”-ийн Т.Тулга, “Алдар”-ын Ц.Цогбадрах нарын барилдаан олны анхаарлыг хамгийн ихээр татаж байв. Хэн ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах учраас хариуцлагатай тус барилдаан өрсөлдөөнтэй өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулав.
- Мөн онцлох нэг барилдаан эмэгтэйчүүдийн -62 кг-д П.Орхон 8:7-гоор С.Цэрэнчимэдийг ялсанаар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болов.
Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-д 29 байгууллагын 272 тамирчин өрсөлдсөнөөс зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр тэргүүлэв.
Үндсэн хуулийн ойн өдөрт зориулсан барилдаанд
Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, энэ оны анхны түрүүгээ хүртэв
Улсын цолтнуудын 2024 оны эхний барилдаан болох Ардилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн бөхийн уламжлалт барилдаан болсон. Энэхүү барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай үзүүрлэв. Улсын заан Б.Бат-Өлзийгийн хувьд сүүлийн үед болсон заалны барилдаанд тогтмол өндөр амжилтыг үзүүлж яваа. Харин тус барилдааны дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарсан юм.
"Бүх одод-2024" тоглолтод онцгойрсон дайчин тоглолттой
The Bull буюу Д.Дэлгэрням
Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын 12-13-ны өдрүүдэд "Бүх Одод"-ын тоглолтыг зохион байгууллаа. Эрэгтэй "Бүх Одод"-ын "Шилдэг тоглогч"-оор "Бишрэлт Металл" багийн тоглогч Д.Дэлгэрням 50 оноо авч тодорлоо. Түүний ахалсан баг "Бүх Одод"-ын тоглолтод М.Өлзий-Орших ахлагчтай багийн эсрэг өрсөлдсөн. "Бүх Одод"-ын тоглолтын санал асуулгыг М.Өлзий-Орших, Д.Дэлгэрням нар тэргүүлж, хоёр багийн ахлагчаар сонгогдсон билээ.
"Бүх Одод-2024" шинэ аварга төрсөн 3 онооны шидэлтийн тэмцээн
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн "Бүх Одод-2024"-ын 3 онооны шидэлтийн тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өрнөсөн. Тус тэмцээний аваргаар "шинэ аварга"-ууд тодрон гарлаа. Эмэгтэй 3 онооны шидэлтийн тэмцээний аваргаар "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Сарантуяа, эрэгтэй аваргаар ШУТИС "Шаркс" багийн тоглогч Х.Номин-Эрдэнэ нар тодорлоо.
Хоёр дахь хэсэгт хилийн чанадад өрнөсөн тэмцээн уралдаанд манай улсын тамричид хэрхэн, ямар амжилт үзүүлснийг тоймлов.
Киришима Б.Лхагвасүрэн энэ оны эхний башёг ялалтаар эхлүүлэв
Энэ оны эхний башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх озэки Киришима Б.Лхагвасүрэн нэгдүгээр сарын 14-ний өдрийн ням гарагт эхний барилдаандаа Вакамотохарүг ялснаар эхний ялалтаа авав. Хэрвээ тэрээр энэ хацү башёд түрүүлвэл Ёкозүна цол хүртэнэ.
"Парис2024" олимпын хоёр эрхтэй, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай буудлагын Ази тивийн АШТ
Буудлага спортын баг тамирчид Индонезид болсон "Жакарта-2024" Ази тивийн АШТ-ийг өндөр амжилттай үдэж байна. Тус тэмцээнээс эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртэхийн зэрэгцээ "Парис-2024" зуны олимпын эрхээ авав. Мөн тэрээр 25м Стандарт гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 572 онож Мөнгөн медаль авлаа. Ингэснээр тэрээр Азийн аваргаас мөнгө, хүрэл медальтай мөн Олимпын эрхийг хүртсэн амжилт үзүүлж байна.
Харин урт бууны тамирчин ОУХМ Н.Баяраа эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд өрсөлдөж 583 оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпийн эрхээ өвөртлөв. Түүний хувьд Ази тивийн АШТ-ий тавдугаар байрт шалгарсан юм.
Мөн 50м хэвтээ 60 сум буудах дасгалд ОУХМ О.Есүгэн, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ О.Янжинлхам нар багаараа мөнгөн медаль хүртэв. Ингэснээр Монголын буудагчид Ази тивийн АШТ-ээс олимпын хоёр эрх, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна.
Жюү жицүгийнхэн Токиогийн "Их дуулга"-д өнгөтэй байв
Жюү жицүгийн баг тамирчид Токиогийн "Их дуулга"-д оролцож, Б.Цагаанбилэг алт, Б.Наранхишиг мөнгөн медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн цэнхэр бүсний -55 кг-ийн жинд Монгол улсын хоёр тамирчин хоорондоо таарч аваргын төлөө өрсөлдсөн нь онцлог байв. Мөн тус тэмцээний мастерс ангиллын эрэгтэйчүүдийн цэнхэр -94 кг-ийн жинд Г.Отгонбаатар алт, бор бүсний -120 кг-ийн жинд Х.Итгэл мөнгөн медаль тус тус хүртлээ.
Тус тэмцээнд эмэгтэй дөрөв, мастерс ангилалд гурван тамирчин оролцлоо.
МУГТ Э.Бэхбаяр "Загреб опен" тэмцээнд аваргалав
Чөлөөт бөхийн чансаа олгох "Загреб опен-2024" тэмцээн Хорватад болов. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй тамирчдаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Э.Бэхбаяр оролцсон билээ. Тэрээр алтан медалийн төлөө Украйны Андрей Жэлепийг 9:2 оноогоор буулган авч ялалт байгуулав.
Мөн "Загреб опен"-д эмэгтэйчүүдээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой мөнгөн медальт МУГТ Д.Отгонжаргал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа нар зодоглов.
МУГТ Д.Отгонжаргал эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд Польш улсын тамирчин Агата Марта Валерзакийг оноогоор цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа баг тамирчин, дасгалжуулагч нартаа цаашдынх нь тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.