Монголчууд анх удаа уулын төрлийн спортоор дэлхийн цомоос алтан медаль хүртлээ. Энэ бол юуны өмнө "Сутайн Бор" уулын клубын тамирчин Н.Хэрлэнгийн өөрийнх нь хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, хүсэл тэмүүллийн үр дүн билээ. Аливаа нэг амжилт, ялалтын ард тамирчнаас гадна дэмждэг баг хамт олон, ивээн тэтгэдэг байгууллага, хувь хүн, гэр бүлийнхэн нь байдаг. Бүгдэд нь халуун баяр хүргэе.
Өмнөд Солонгос Улсад мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд боллоо. Тус дэлхийн цомын тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдөв.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцсон. Дэлхийн цомын тэмцээнээс Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрээр дэлхийн цомоос хоёр дахь медалиа гардан авч байгаа нь энэ юм.
Монголын мөсөнд авирагчид дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байгаа юм.