Эквадорын TC телевизийн шууд дамжуулалтын үеэр галт зэвсэгтэй этгээдүүд дайрч орж, телевизийн ажилтнуудыг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Цагдаа нар бүх ажилтнуудыг гаргаж, 13 хүнийг баривчилсан гэж мэдэгдэв. Энэ долоо хоногийн эхээр тус улсад 60 хоногийн онц байдал зарласан. Учир нь Эквардорын шоронгоос “цуутай” гэмт хэрэгтэн оргосон юм. Харин Даваа гарагаас хойш буюу онц байдал зарласнаас хойш тус улсад 10 хүн амь үрэгдсэнийг эх сурвалжууд мэдээлж буй.
Гэхдээ TC телевизийн байранд болсон халдлага шоронгоос алга болсон гэмт хэрэгтэнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Эквадорын хөрш Перу улсад мөн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж, хүчнийхнийг нэн даруй хилийн ойролцоо байрлуулахыг тушаажээ. АНУ эл хэргийг буруутгаж, Эквадорын ерөнхийлөгч хийгээд түүний засгийн газартай холбоотой байж, шаардлагатай бол тусална гэдгээ зарласан юм.
Эквадор улс нь дэлхийд гадил жимсний экспортоороо тэргүүлдэг. Мөн кофе, какао, сам хорхой экспортолдог орон. Тус улсад сүүлийн жилүүдэд шорон доторх хүчирхийлэл, гэмт хэрэг нэмэгдсэн. Энэ нь АНУ болон Европын холбоо руу мансууруулах бодис тээвэрлэхэд гарч буй гэмт хэрэг, түүний сүлжээтэй холбоотой байж болзошгүй байгаа юм.