32 компани эзэмшдэг Хурдын Чойжилсүрэнгийн эзэмшил "Хурд пропертис" ХХК, түүний туслан гүйцэтгэгч "Рийверстөүн пропертис" ХХК-ийн барьж буй 28 давхар, 2-3 давхар зоорьтой барилгаас 5-6 сарын хугацаанд тасралтгүй ус гоожжээ. Хөрсний ус шавхаж буй дээрх зөрчилтэй барилгын компанид Усны газраас удаа дараа очиж, шаардлага тавин ажилласан. Мөн прокурорын байгууллагад холбогдох хэргийг нь үүсгэхээр хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байгаа талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээллээ.
Дээрх компани нь Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын уулзвар буюу хуучин Худалдаа Хөгжлийн Банк байсан барилгыг нурааж, ажлаа эхлүүлсэн аж. Ингэхдээ 2015 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа авч, барилгын зөвшөөрөл батлагджээ.
Түүнчлэн 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Геодези, Усны Барилга Байгууламжийн Газартай 21 сая төгрөгөөр тэдний шугам хоолойг ашиглаж ус зайлуулахаар гурван сарын хугацаатай гэрээ байгуулжээ. 2022-2023 онд ус шавхсан мөртлөө гуравхан сарын хугацаатай ус зайлуулсан мэтээр гэрээ хийсэн нь асуудалтай зүйл мөн. Уг компани нь хууль дүрмийн дагуу Усны газраар дүгнэлтээ гаргуулаад явсан бол зайлуулсан усны хэмжээгээрээ 5.6 тэрбум төгрөг байх байсан аж. Гэвч зөвшөөрөлгүйгээр ус ашигласан учир Усны газраас 146 тэрбум төгрөгийн хохирлыг тооцож байгаа юм байна.
Усны газрын дарга З.Батбаяр энэ талаар ярихдаа, “Дээр дурдсан гэрээн дээр долоон насостойгоор ус зайлуулж байгаа гэсэн ч биднийг очиж ажиллахад 22 насостойгоор ус зайлуулсан байсан.
Энэ байгууллага яаралтай Усны газар дээр ирж хэдэн насосын талаар мэдээллээ хэлэхгүй бол бид аргагүй эрхэд усны нөөцөд хохирол учруулсан аргачлалаар тооцно. Нэг компани 20 давхар байшин барихын тулд Монгол Улсын 3-4 хоног хэрэглэх хэмжээний усыг ашиглаж байна. Манай улс 2023 онд 645 сая м.куб усыг ашигласан байна. Гэтэл ганцхан компани хоёр жилийн хугацаанд 5.7 сая м.куб ус зайлуулсан байгаа юм. Энэ барилга байгаа цагт үргэлж хөрсний ус зайлуулсаар байх учир 146 тэрбум төгрөг төлөөд асуудал дуусахгүй” гэв.
Дээрх жишээнээс гадна бусад хөрсний ус зайлуулж буй барилгын компаниудад ийм хэмжээний төлбөр, хохирол тогтоогдоод явна гэдгийг Усны газраас онцлон хэлж байв.
Бид энэ асуудлаар нэхэн сурвалжилна.