Оксфордын их сургуульд суралцдаг Монгол оюутны ахалсан баг COP28 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлаас шагнал хүртжээ. Энэ талаар BBC агентлаг хэрхэн онцолсныг та бүхэнд орчуулан хүргэж байна.
“Дэлхийд тулгамдсан хамгийн том асуудлыг шийдэхээр хэсэг оюутнууд нэгэн инновацилаг төслийг санаачилжээ. Улмаар тэд энэ төслөөрөө COP28-аас шагнал хүртсэн байна. Оксфордын их сургуулийн оюутнууд “Digital Twins 4 Tailing Dams” гэх хиймэл дагуулын дохиоллын системийг боловсруулжээ. Энэ систем нь уурхай дахь аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Эл багийн төсөл “өгөгдийн шинжлэх ухаан ба хиймэл оюуны шийдэл” гэсэн төрөлд байр эзэлсэн ба 100 мянган долларын шагналын сангаас хувь хүртэх аж. Багийн ахлагч Б.Маралаа уул уурхайн салбар өөртэй нь үргэлж ойр байсан талаар хэлсэн юм. Тэрбээр “Би дэлхийн хамгийн их нөөц баялагтай орнуудын нэг болох Монголоос ирсэн. Үйл ажиллагаа нь сайн явагдаж буй уул уурхайн ашиг, үр шимийг би өөрөө харсан. Гэхдээ уул уурхайн салбарт сөрөг тал нь ч бий. Тиймээс ч тогтвортой уул уурхайн нэг хэсэг байхыг үргэлж хүссээр ирсэн юм” гэжээ. Ялагчдыг Йел, Принстон, Кембридж, Харвард зэрэг 108 орны 710 их сургуулиас ирүүлсэн 3000 гаруй бүтээлээс шалгаруулсан байна.”
COP нь энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдаж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том чуулга уулзалт юм. Дэлхийн олон удирдагч, эрх баригч нар нэг дор цуглан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санал бодлоо солилцож, нэгдсэн шийдэлд хүрэхээр эрмэлздэг. Өнгөрсөн онд болсон COP27-ийн үеэр хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй хөгжиж буй орнуудад зориулсан санхүүжилт босгохоор тохиролцсон. Улмаар энэ жилийн COP28-ын үеэр улс орнууд хэр хэмжээний төсөв зарцуулахаа зарлалаа. Тодруулбал, зохион байгуулагч АНЭУ болон ХБНГУ тус тус 100 сая ам.долларыг зориулахаар болсон бол Их Британи 60 сая ам.доллар, Япон 10 сая ам.долларыг санхүүжилтэд зориулахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхэлсэн тус хурал 12-р сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм.