АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хэнри Киссинжер 100 насандаа таалал төгслөө. АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлогч байсан түүний хувь нэмэр 20, 21-р зууны олон улсын харилцаанд чамгүй бий. Ингээд Хэнри Киссинжер гэж хэн байсан талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Тэрбээр 1923 онд Германы Баварид Еврей айлын хүү болон мэндэлжээ. Нацизмаас холдож, 1938 онд түүний гэр бүл АНУ-д ирж, 1943 онд Америкийн иргэн болж байсан аж. Хэнри Киссинжер нь АНУ-ын армид гурван жил алба хааж, докторын зэрэг хамгаалсныхаа дараа Харвардын их сургуульд олон улсын харилцаа заадаг байв. 1969 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон түүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилж, улмаар АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлтийн салхи авчирсан юм. Түүнийг 1969-1977 оны хооронд үндэсний аюулгүй байдлын зөвлөх болон төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Вьетнамын дайн өндөрлөсөн. Мөн Ойрх Дорнодод Египет, Сири болон Израилийн хооронд өрнөж байсан Йом Киппурын дайн түүнийг албан тушаалаа хашиж байхад зогссон түүхтэй. Х.Киссинжер Хятад, Америкийн харилцааг шинэ түвшинд авчирсан нэгэн гэдэгтэй шинжээчид, түүхчид санал нийлдэг. Түүнийг таалал төгссөний дараа Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь “Хенри Кисенжер бүхий л амьдралынхаа туршид Хятад Америкийн харилцааг чухалчилж, Хятад, Америкийн харилцаа нь хоёр орон төдийгүй дэлхийн энх тайван хөгжилд туйлын чухал гэж үздэг эрхэм байсан” хэмээн онцолжээ. Хятадын харилцаа холбооны томоохон платформ болох Вэйбо дээр олон нийт түүнийг “Хятадын ард иргэдийн эртний найз” хэмээн тодотгосон бол тус улсын төв телевиз үйл хэргийг нь үнэлж, “домогт дипломатч” гэж дурссан байна.
1957 онд хэвлүүлсэн “Цөмийн зэсвэг ба гадаад бодлого” гэх ном нь Х.Киссинжерийг дэлхий дахинаа нэр хүндтэй нэгэн болгосон. Тэрбээр харьцангуй жижиг бүс нутгуудад “хязгаарлах” боломжтой цөмийн зэвсэг ашиглах санааг дэвшүүлсэн байдаг. Энэ нь түүнд нэр хүнд, нөгөө талд үзэн ядалтыг ч давхар бий болгосон юм. Х.Киссинжер нь олон улсын харилцааны реалист онолын гол төлөөллүүдийн нэг ба АНУ хүчний тэнцвэр хадгалах бодлого баримтлах ёстой гэж үздэг нэгэн байв. Хүйтэн дайны үе бол түүний карьерын оргил үе гэдэгтэй судлаачид санал нэгддэг. Тэрбээр 1973 онд Хойд Вьетнамын удирдагч Ле Дук Тхо-той энх тайвны гэрээнд гарын үсэг зурж, Вьетнамын дайнд төгсгөл авчирсан. Үүнийг нь ч үнэлж Нобелийн энх тайвны шагналаар мөн шагнасан байдаг. 100 наслахдаа Х.Киссинжер өөрийн орны удидрдагч төдийгүй бусад орны удирдагчийн оюун санаанд ч нөлөөлөх хүчтэй нэгэн байв. Түүнийг энх тайвны зүтгэлтэн, дайны гэмт хэрэгтэн зэргээр нийгэмд янз янзаар хүлээн авдаг ч АНУ-ын гадаад бодлого дахь үлэмж хувь нэмэрт нь эргэлзэх хүн үгүй билээ.