Израил, Палестины хооронд өнгөрсөн амралтын өдрүүдээр асуудал хурцдаж, Израилийн ерөнхий сайд Бенямин Нетаняху “дайны бэлэн байдал”-д байна гэдгээ зарлалаа. Үйл явдлын тухайд, Бямба гаргийн өглөө 6:30 минутад дуут дохио дуугарч, Израилийн нийслэл Тел Авивийн бүс нутаг руу Палестины Исламын “Хамас” бүлэглэл дайрлаа.
“Аль Аксагийн шуурга” гэх энэхүү ажиллагаа эхлэхдээ Израил руу агаар, далай, газраар зэрэг дайрсаэ юм. Израилийн талаас 2200 пуужин харвасан гэж мэдээлсэн бол Хамас 5000 гэж мэдэгдээд байна. Хамгийн сүүлд 4000 гаруй пуужинг Израил руу Хамас бүлэглэл 2014 онд “50 өдрийн дайн” нэртэй мөргөлдөөний үеэр мөн харваж байсан юм.
Хамас бүлэглэл “Йерусалим дахь шашны ариун газруудын нэг Аль Акса сүмийг гутаан доромжилж, эмэгтэйчүүд рүү дайрч, Газын Зурвасыг бүсэлсний хариуд” энэ ажиллагаагаа эхлүүлж байна гэж мэдэгдсэн. Түүнчлэн Хамас бүлэглэл Израилийн цэргүүдийг барьцаалж, бичлэгийг нь цахим сүлжээнд байршуулаад буй. Ням гарагийн байдлаар Хамас бүлэглэлийн дайчид Израилийн өмнөд бүсийн хэд хэдэн хотуудад байгаа бөгөөд тэднийг зэвсгээр хангаж байгаа гэдгийг тус бүлэглэл албан ёсны мэдэгдэлдээ дурдсан юм.
Бямба гаргийн дайралт нь Еврейчүүдийн Симчат Тора гэх үндэсний баярын үеэр нь болсон. Өөрөөр хэлбэл, Израилыг баярынх нь үеэр гэнэдүүлж дайрсан ч гэж зарим шинжээч дүгнэж байгаа.
Харин энэхүү гэнэтийн дайралтад Израил ямар хариу өгсөн бэ?
Израилын ерөнхий сайд Бенямин Нетаняху Хамас бүлэглэл хариугаа заавал авна гэдгийг сануулж, “төмөр илд ажиллагаа”-г эхлүүлж буйгаа тэр даруй зарласан. Харин ням гарагт Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарлаж буйгаа тэрбээр мэдэгдлээ. Улмаар Газын зурвас руу Израил пуужин харваж эхэллээ. Израилын талаас Газын зурвас дахь энгийн иргэдийг яаралтай гэрээ орхиж явахыг хүүсэн бөгөөд тэдний дайралт Хамас-ыг онилж байна гэж мэдэгдсэн. 24 цагийн дотор Газын зурваст 313 хүн амь үрэгдсэний 20 нь хүүхэд байсан гэж Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Израил мөн хойд хэсэгтээ ч бэлэн байдалд байна. Учир нь Ливан болон Сирийн болзошгүй дайралтаас хамгаалж бэлэн байдалд орсон гэсэн юм. Тодруулбал, Израил нь исламын шашинтай орнуудаар хүрээлүүлсэн геополитикийн байрлалтай. Хэрэв тэдний нэг нь ингэж дайрч эхэлсэн бол бусад нь ч нэгдэж магадгүй гэх сэрэмжлэл байгаа гэж шинжээчид үзэж байна.
Нөхцөл байдал яагаад иймдээ тулав?
1948 онд Израил тусгаар тогтнолоо зарласнаас хойш Израил-Палестины асуудал хурцадсан. Арабын орнуудтай таагүй харилцаатай байсан Израил тэдэнтэй багагүй дайтаж байсан бөгөөд 1967 онд Египетээс Газын зурвасыг эзэлсэн. Хэдий 2005 онд цэргүүдээ гаргасан ч одоо ч гэсэн Израилын тодорхой эрх мэдэл энэ бүс нутагт байдаг. Гэхдээ 2007 онд газын зурваст Хамас бүлэглэл хяналтаа тогтоосон. Израилын тусгаар тогнолыг хүлээн зөвшөөрдөггүй Исламын бүлэглэлүүд баруун эрэг болон газын зурвасыг Палестины газар нутаг гэж маргадаг. Газ нь Израиль, Египет улсууд болон Газар дундын тэнгисийн завсар хавчигдан оршдог зурвас газар юм. Хамас бүлэглэл Газын зурваст хяналтаа тогтоосноос хойш Израил болон Египет уг бүс нутгийг бүслэн хаах бодлого явуулсаар ирсэн байдаг. Тухайлбал, Израил агаарын орон зайг нь хянадаг бол Египет өөртэй нь хиллэдэг хилээр хэн орж, гарч байгааг хянадаг. Товчхондоо, эдийн засаг, нийгэм сүйрэлд өртсөн бүс нутаг гэж тодорхойлоход буруудахгүй. Тус бүс нутагт 2.3 сая Палестинчууд амьдардаг.
Хамас бүлэглэлийн хувьд 1987 онд Исламын зэвсэгт бүлэглэл хэмээн байгуулагдсан. Хамас гэдэг нь Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн гэдэг утгатай юм байна. Хамгийн гол нь энэ бүлэглэл Израилын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээрээ Палестины засаг захиргаанаас ялгаатай. Харин Израиль улсын хүлээн зөвшөөрсөн Палестины засаг захиргаа Йордан голын баруун эргийг захирдаг ба Махмуд Аббас тэргүүлдэг. Тус бүлэглэлийг Израил, АНУ, Их Британи, Европын Холбоо тэргүүтэй улс орнууд террорист бүлэглэл гэж үздэг. Хамас бүлэглэлийг Иран улс хүлээн зөвшөөрдөг, дэмждэг бөгөөд зэвсгээр хангадаг гэж хэвлэлүүд мэдээлж байна.