Японы хөдөө орон нутаг руу зэрлэг баавгай орж ирэх, дайрах үзэгдэл “аюулын” түвшинд хүрээд буйг эрх баригчид анхааруулсан. Тиймээс тэд нэгэн шийдэл олсон нь робот чоно байв.
Улаан нүд, соёотой, мөн чанга архирах дуутай энэ “хиймэл” амьтныг угтаа фермүүдээс зэрлэг амьтдыг хол байлгах зорилгоор бүтээсэн ч өдгөө хот суурин газар луу баавгай орж, ард иргэд рүү дайрахаас хамгаалах зорилгоор ашиглаж эхэлжээ.
“Мангас чоно” гэх энэ роботыг анх 2020 оны намар Такикава хотын удирдлагууд ашиглаж эхэлсэн ба түүнээс хойш олон хот, тосгод дуурайн хэрэгжүүлж ирсэн байна. Зэрлэг баавгайн халдлага их болсонд залуучуудын шилжилт хөдөлгөөн ихээхэн нөлөөлж байгаа гэнэ.
Тодруулбал, Японы хүн ам хөгширч, төрөлтийн түвшин эрчтэйгээр буурч буй. Үүнтэй зэрэгцэн залуучууд хөдөө орон нутгаас хот суурин газар луу шилжих нь ихсэж, хөдөө, тосгоны бүс нутгууд хоосорч эхэлсэн байна. Токиогийн их сургуулийн багш Шинсүкэ Койкэ энэ талаар “Уулын бэл дэх фермүүд нь хүн, амьтдыг зааглах буфер бүс нутаг байсан боловч одоо тийм зааг үгүй болжээ” гэж тайлбарласан юм. Үүний үр дүнд залуу баавгайнууд хэдэн арван жилийн турш эзэнгүй ойд амьдарч, хот руу ойртож, хурц гэрэл, чанга дуу чимээнд дасаж, хүнээс айх нь багассан аж.
Эх сурвалж: BBC