Бид өөртөө ажлын байр бий болгож, хөдөлмөрлөж байгаа залуу хосуудын төлөөлтэй ярилцлаа. “Анар” зоогийн газрыг үүсгэн байгуулагч Г.Энхбаяр, Э.Жавзан-Орлом нар өнгөрсөн оны есдүгээр сард БНСУ руу явж ажиллахаар виз мэдүүлжээ. Гэвч татгалзсан хариу авсан байна. Ингээд тэд эх орондоо ажиллах боломж эрэлхийлж “Анар” түргэн хоолны газраа үүсгэн байгуулжээ. Хамтдаа хичээсний үр дүнд байрны урьдчилгаагаа бүрдүүлж, саяхан орон сууцандаа оржээ. Ингээд тэдний яриаг хүргэе.
“…Анх хоолны газраа ажиллуулж эхлэхэд яахаа мэдэхгүй их сандардаг байсан. “Яагаад болохгүй байгаа юм бэ” гэж хоорондоо ярьж инээлдээд л хичээнэ. Жил орчмын өмнөхийг бодвол одоо зүгширч байна. “Хоолоо яаж хийх, бараагаа хэрхэн татах гээд л бүгдийг амжуулж байна. Барс захын ах эгч нарыгаа хүртэл таньдаг болчихсон. Виз гарахгүй байгаа юм чинь юу хийж болохоор байна бүхнийг л хийж үзье гэж бид хоёр шийдсэн. Ингээд манай хүн тогооч учраас энэ мэргэжлийг нь л хөгжүүлээд явах ёстой юм байна гэж ярилцсан.
Анх бизнес эхэлж байгаа залуус суурь хөрөнгө чухал юм билээ. Түүн дээр нь дэмжиж болдоггүй юм байх даа гэж бодсон. Бид хоёр илүү гоё тоног төхөөрөмж авчих юм бол зөндөө л юмыг хиймээр байгаа. Гэхдээ үнэтэй байгаа учраас авч чадахгүй л байна. Тиймээс цаашид төр хөнгөлөлттэй зээлийг түлхүү олгоход анхаараасай гэж хэлмээр байна.
Бид хоёр саяхан шинэ байрандаа орлоо. Зориг хүрсэн л бол чаддаг юм байна. Байртай болсон. Гэрчилгээгээ авч чадсан. Хэдийгээр зээлтэй ч гэсэн түүний ард гарч чадна гэсэн итгэл, зориг байхад болдог юм билээ. Мэдээж, анх байрны зээлээ хөөцөлдөж байхад хэцүү л байсан. Амьд хүн аргатай гэдэг. Ямар ч байсан байрандаа орчихсон байхад болох байлгүй. Хоёулаа хөдөлмөрлөж байгаа, ямар нэгэн юм хийж чадаж л байгаа юм чинь.
Хүүгийнхээ хичээл сургууль, цэцэрлэгийн мөнгө, хажуугаар нь байрны төлбөр гээд л асуудлууд байна. Гэхдээ “Болно доо” гээд зүтгэж байна.
Залууст хандаад “Зүтгээд байгаарай” л гэж хэлье. Би зөндөө шантарч байсан. Анх энд гарч ирэхдээ машин мөргөөд л, бүтэлгүйтэж л байсан. Тууштай, чадна гээд, аливааг сэтгэлдээ багтааж чадвал, түүнийхээ төлөө тууштай тэмцэхэд заавал ард нь гарна аа. Тууштай байгаарай” л гэж хэлье.
Бие биенээ гоё дэмждэг байгаарай. Нэг нь юм хийх гээд байдаг. Гэтэл түүнийг нь ойлгохгүй, харилцан ярилцаж чадахгүй бол ганцаараа хичнээн зүтгээд амжилтанд хүрэхэд хэцүү. Тиймээс бие биенээ маш сайн дэмжээд, хамтдаа урагшилдаг байгаарай гэж хэлье” гэлээ.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.