АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд дөрөв дэх айлчлалаа хийж байгаа. Гэхдээ энэ удаагийн айлчлал нь гэнэтийн байсан ба Украинд үзүүлэх АНУ-ын тусламж хэвээрээ байгаа гэдгийг баталж буй айлчлал гэж шинжээчид дүгнэж байна.
Энтони Блинкен АНУ Украинд нэмэлт 1 тэрбум ам.долларын тусламж үзүүлж байгааг айлчлалын үеэр зарласан. Үүнд 175 сая долларын зэвсгийн тусламж багтсан ба ингэхдээ АНУ Украинд уранаар баяжуулсан сум илгээхээр болсон нь багагүй асуудал үүсгээд байна. Энэ сумыг АНУ-ын Abrams танканд хэрэглэдэг. Энэ танкыг Украинд илгээнэ гэдгээ АНУ мөн энэ оны 1-р сард зарласан юм. Ураны орцтой сум маш хатуу тул танкийн ямар ч хуягийг эвдэх чадвартай байдаг байна. Дэлхийн 2-р дайны үед Германы арми ийм төрлийн сум ашигласан туршилт хийсэн боловч уран нь хэтэрхий үнэтэй, хомс байсан тул цааш ашиглаагүй. Өдгөө АНУ, ОХУ, Турк, Саудын Араб зэрэг 21 улс энэ төрлийн сумыг зэр зэвсгийн нөөцдөө хадгалж байгаа. Гэсэн хэдий ч зөвхөн АНУ энэ сумыг Ирак, хуучин Югослав, Афганистан, Сири дэх цэргийн ажиллагаанд ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн 2003 оны Иракийн дайны үеэр л гэхэд олон зуун тонн ураны сум ашиглагдсан байдаг. Уранаар баяжуулсан сумыг ашиглахын эсрэг олон улсын хууль дүрэм, гэрээ байдаггүй.
Гэхдээ уран ингэж их хэмжээгээр цацагдах нь урт хугацааны үр дагаварт хүргэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулдаг. Мэргэжилтнүүд урт хугацааны үр дагавар нь хүн болон байгаль орчинд ямар аюултай вэ гэдэг дээр мөн санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх олон улсын эмч нарын тайланд дурдсанаар уранаар баяжуулсан сумыг их хэмжээгээр ашигласан Иракийн бүс нутгуудад хэв гажилт, хорт хавдар болон бусад хор уршиг эрс нэмэгдсэн гэсэн байна.
Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Олон улсын атомын энергийн агентлаг уранаар баяжуулсан сумнаас болж энгийн иргэдэд ноцтой хохирол, эрсдэл учрахгүй гэж мэдэгдсэн. Мөн Европын комиссын 2010 онд гаргасан тайланд уг сумнаас болж "хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд эрсдэл үзүүлэх нотлох баримт олдсонгүй" гэсэн юм. Мөн хөрс, гүний усанд хэр их хохирол учруулах нь тодорхойгүй байна.