Энэтхэг улс долоодугаар сарын сүүлээр дотооддоо өссөн үнийг хянаж, орон нутаг дахь хүртээмжээ бодолцсон гэх үндэслэлтэйгээр будааны экспортоо зогсоосон гэсэн юм. Энэ нь Ази болон Сахарын цөлөөс өмнөд Африк зэрэг Энэтхэгийн будаанаас хамааралтай орнуудад томоохон цохилт болсон юм.
Энэтхэг улсын зүгээс “Геополитикийн асуудлууд, Эль Нино үзэгдэл болон уур амьсгалын эрс өөрчлөлт нь үнийн өсөлтийг тэнгэрт хадахад хүргэсэн” гэх тайлбар өгсөн юм.
Хар тэнгисийн боомтоор Украины үр тарианы экспортыг гаргах хэлэлцээрээс ОХУ гарсан нь дэлхий нийтэд хүнсний хямрал нүүрлэхэд улам нөлөөлсөн бол энэ удаа Энэтхэгийн хориг нэмэгдэж, нөхцөл байдал бүр дордож байна. Энэтхэгийн будааны экспортын хориг нь дэлхий нийтэд тулгамдаж буй олон асуудлыг хөндсөн гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Тодруулбал, цаг агаарын хэвийн бус үзэгдлүүд, олон улсын аюулгүй байдлын асуудлууд, цаг уурын өөрчлөлтөөс болж эрс багассан ургац хураалт зэрэг хүчин зүйлс давтагдсаар дэлхий дахинд үнийн хөөрөгдлөөс авхуулаад өлсгөлөнгийн хямрал нүүрлэж болзошгүйг анхааруулж байгаа юм.
Тухайлбал, 2022 онд халууны давлагаа Энэтхэгийг мөн дайрсан ба үүнээс болж улаан буудай, үр тариан үйлдвэрлэл нь ихээхэн хохирол амссан. Улмаар дэлхийн хоёрдогч том үр тарианы экспортлогч гэгдэх Энэтхэг улс хориг тавьснаар цаашид нөхцөл байдал яаж эргэхэд шинжээчид санаа зовниж байна. Бусад орнуудын хувьд ч нөхцөл байдал амаргүй байна.
Дэлхийн хамгийн том шар буурцаг экспортлогч, мөн эрдэнэ шишийн үйлдвэрлэгч Аргентин улс сүүлийн 60 жилд байгаагүй ган гачигт нэрвэгдээд байгаа нь ургац огцом буурахад хүргэсэн.
Дэлхийн далдуу модны тосны хамгийн том экспортлогч Индонез улс өнгөрсөн жил үнийн өсөлтийн улмаас экспортоо богино хугацаанд хориглож, дэлхийн хүнсний тосны эрэлт хэрэгцээг өдөөж, энэ нь Украины наранцэцгийн тосны нийлүүлэлт дайны улмаас тасалдсантай мөн давхцсан юм. Шар буурцагны тосны томоохон үйлдвэрлэгч Бразил ч сүүлийн жилүүдэд ган гачигт нэрвэгдээд байгаа бол 2021 онд Канад улсад сүүлийн 14 жилд байгаагүй бага хэмжээний рапс тосны ургацыг үзсэн билээ.
Эх сурвалж: AL JAZEERA