Хоолны дэглэм барьж, хүссэн жиндээ хүрэхийг дэлхий нийтээр “хэвийн үзэгдэл” болгосоор ирсэн. Энэ салбар нь өдгөө 250 тэрбум долларын хүрээнд ч яригдаж байна. Гэвч хоолны дэглэм барих нь хэд хэдэн асуудал дагуулдаг ба үүнийг “турахыг хүсэгсэд” хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх нь түгээмэл.
Тухайлбал, 2000 гаруй таргалалттай хүмүүсээс авсан судалгаагаар турахыг хүсдэг хүмүүс нь турахыг хүсдэггүй хүмүүстэй харьцуулахад сэтгэлийн хямралд өртөх шинж тэмдэг 80 хувиар илүү байгааг тогтоожээ. Үнэн хэрэгтээ мацаг барих нь бидний сэтгэл хөдлөлөөс эхлээд танин мэдэхүй, шүүн тунгаах чадвар хүртэл богино хугацаанд ч гэсэн сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаа харуулж байна. Сэтгэл хөдлөл нь бидний сэтгэн бодох чадварт багагүй нөлөөлдөг. Түүнчлэн сэтгэл санаа муу байх нь биднийг илүү гутранги болгож, энэ нь сөрөг хандлагыг нэмэгдүүлдэг байна.
Өлсгөлөн байж, “хэт” дэглэм барих нь хүмүүсийн сэтгэл санааг хөдөлгөх хүчтэй байдаг байна. Жишээлбэл, 2022 онд хийсэн нэгэн судалгаагаар Нидерландын Гронингенийн их сургуулийн сэтгэл зүйч Ниенке Жонкер болон түүний хамтран ажиллагсад 129 эмэгтэйн дунд судалгаа явуулжээ. Тэдний талаас нь 14 цагийн турш мацаг барихыг хүссэн ба эмэгтэйчүүдээс өлсгөлөнгийн түвшин, хооллох зуршил, сэтгэл зүйн байдал зэрэг асуултуудыг урьдчилан асуужээ. Үр дүнд нь өлссөн эмэгтэйчүүд сэтгэлийн хямрал, уур хилэн, ядрах, төөрөгдөх зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг илтгэдэг болохыг олж мэджээ. Тэд мөн эрч хүч гэх мэт эерэг сэтгэл хөдлөл буурч байгааг анзаарсан байна. Эдгээр сэтгэл хөдлөл нь жижиг зүйлс огт биш гэдгийг судалгааны багийнхан мэдээлсэн ба өлссөн эмэгтэйчүүд “маш ууртай” байсныг онцолсон юм.
Сэтгэл санаа ийн хямралтай байх нь бидний ертөнцийг харах үзлийг ч сөрөг болгодог. Таны ааш таагүй байх тусам бид муу муухайг л илүү олж хардаг аж. Тиймээс өөрийгөө хүчилж, хэт өлсгөх нь сэтгэл санаа, танин мэдэхүйд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид нотолсоор байна.
Эх сурвалж: BBC