Долдугаар сарын 3-ны даваа гарагт дэлхийн дундаж температур шинэ дээд цэгтээ хүрч, “анх удаа” цельсийн 17 хэмд хүрсэн байна.
АНУ-ын судлаачид энэ шинэ дээд түвшин нь 19-р зууны сүүлчээс хойш үзэгдэж буй хамгийн дээд үзүүлэлт гэдгийг баталжээ.Тодруулбал, долдугаар сарын 3-нд дэлхийн дундаж температур 17.01 хэмд хүрч, 2016 оны наймдугаар сараас хойш тогтоогдож байсан 16.92 хэмийн дээд түвшнийг давсан гэж АНУ-ын Байгаль орчны таамаглалын үндэсний төвийн эрдэмтэд мэдэгдлээ.
Эрдэмтэд “Эль-Нино” гэгддэг байгалийн цаг уурын үзэгдэл хийгээд хүний үйлдлээс улбаатай нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал зэрэг нь халуун температур нэмэгдэхэд хүргэж байна гэж үзэж байна. “Эль-Нино” үзэгдэл долоодугаар сарын сүүлчээс өмнөх болох магадлал 60 хувь, есдүгээр сарын сүүлчээс өмнө ажиглагдах магадлал 80 хувьтай байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас мөн тооцоолж байсан удаатай.
Өнгөрсөн сарыг мөн дэлхийн хамгийн дулаан зургадугаар сар гэж тодорхойлж байсан юм.
Энэ он гарснаас хойш судлаачид хуурай газар болон далайд агаарын температур нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна. Испани болон Азийн олон оронд энэ хавар хамгийн дээд температур ажиглагдсаны дараа Хойд тэнгис гэх мэт ердийн үед хэвийн байдаг газруудад хүртэл халууны давалгаа ажиглагдаж эхэлжээ.
Түүнчлэн энэ долоо хоногт Хятадад мөн хэт халалтын давалгаа үргэлжилж, зарим газар 35 хэмээс дээш халж, АНУ-ын өмнөд хэсэг ч мөн халууны давалгаанд өртсөн байна. Даваа гарагт ажиглагдсан хамгийн дээд түвшин нь 1979 онд хиймэл дагуулаас ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн дулаан дундаж температур болж буй юм.
SOURCE: BBC