2022 онд дэлхийд өрнөсөн онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 24: ОХУ, Украины дайн эхлэв.
ОХУ 2014 онд Крымийг нэгтгэсний дараах хамгийн том дайралт Украинд болсон юм. Улмаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины дөрвөн муж болох Луганск, Донецк, Запорожье, Херьсоныг нэгтгэж буйгаа зарласан. 11 сар үргэлжилж байгаа энэ дайны уршгаар Украины 18 мянга гаруй энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ-ын мэдэгдсэн. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар энэ тоо бодит байдал дээр хэд дахин илүү байгаа гэдгийг мөн сануулсан юм. Харин амиа алдагсдын 429 нь хүүхэд байсан. Нийт цэрэг армийнхныг оруулаад талууд аль аль талдаа 100 мянга гаруй хүнээ алдсан гэж томоохон хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Дайн 2023 онд ч үргэлжлэх хандлагатай байна гэдгийг шинжээчид хэлж байгаа ч нөгөө талд, ОХУ зэвсгийн хомсдолд орж байгаа тул зогсох ч магадлалтай гэж үзэх хэсэг мөн байна. Сүүлийн үед ОХУ, Украин аль аль нь харилцан агаарын цохилт өгсөн хэвээр байгаа юм.
Есдүгээр сарын 16: Өдгөө Иран даяар гурав дахь сардаа үргэлжилж буй жагсаал эхэлсэн.
Махса Амини хэмээх Курд эмэгтэй Тегеран хотод хижаб буюу толгойн гивлүүрээ буруу зүүсэн гэх шалтгаанаар ёс суртахууны цагдаа нарт баривчлагдсан. Тэрээр саатуулагдаж байх үедээ амиа алдсан нь ийнхүү Иран даяар жагсаал өрнөхөд хүргэсэн. Энэ жагсаал зөвхөн эмэгтэйчүүдээр хязгаарлагдсангүй, тус улс дахь шашны хатуу дэглэмийн эсрэг томоохон эсэргүүцэл болж өрнөсөн юм. Ираны жагсаалыг 1979 оны хувьсгалаас хойших хамгийн том жагсаал гэж тодорхойлж байгаа юм. Гэвч одоогоор энэ жагсаалын тодорхой үр дүн гараагүй буюу эсрэгээрээ жагсагч нарыг цаазалж, хоригдсон эмэгтэйчүүдийг хүчирхийлж эхэлсэн. Тиймээс олон улсын зүгээс Ираны эрх баригчдад арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам даамжирна гэдгийг шинжээчид сануулсаар байна.
Аравдугаар сарын 22: БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин ХКН-ын XX Их хурлаар гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо.
Ши Жиньпин өөртэйгөө хамт ирэх таван жилд БНХАУ-ыг удирдах төрийн хамгийн өндөр албан тушаалтнуудаа өөрийн итгэлт хүмүүсээр бүрдүүлсэн. Тодруулбал, БНХАУ-ын Улс төрийн товчоо 25 гишүүнтэй. Үүнээс долоо нь УТТ-ны байнгын хорооны гишүүд буюу Хятадын засгийн эрх мэдэл төвлөрдөг хүмүүс байдаг. Энэ удаа сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь олны анхаарлыг ихээр татаж байсан юм. Ши Жиньпин болон сахилга батын хяналт хариуцсан төв комиссын дарга Жао Лэжи, Ван Хунин нар хэвээр үлдэж, Ли Жаншу тэргүүтэй бусад гишүүд солигджээ. Тухайлбал, энэ УТТ-ны байнгын долоон гишүүний гол удирдагч нь Ши Жиньпин хэвээрээ. Харин хоёрдугаар хүн болох ерөнхий сайд Ли Кечяны байр сууринд Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян очсон. Тэрээр Ши Жиньпиний хамгийн итгэлт хүмүүсийн нэг гэж нэрлэгддэг бөгөөд өдгөө 63 настай. Ли Кечян нь харин 67 настай бөгөөд ирэх оны гуравдугаар сард тэтгэвэртээ гарах юм. Ингэснээр түүний залгамж халаа буюу дараагийн ерөнхий сайд Ли Чян болох нь тодорхой болоод байна. Түүнчлэн арваннэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-д гурван жил гаруйн хугацаанд мөрдөгдсөн Тэг Ковил бодлогын эсрэг хэд хэдэн томоохон хотуудын оюутны хотхонд жагсаал болж, энэ нь арванхоёрдугаар сарын эхээр уг хатуу бодлогыг цуцлахад хүргээд байна. Гэвч гэнэтийн энэ шийдвэрээс болж БНХАУ-д одоо ковид-19-ийн ээлжит давлагаа эхэлсэн билээ.