Арванхоёрдугаар сар бол урлаг соёлынхны хувьд хамгийн өндөр орлоготой ажилладаг сар байдаг. Шинэ жил, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдэд урлаг соёлынхонтой хамтарч ажиллахдаа хэрхэн и-баримт авах талаар мэдээллийг татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.
Урлаг соёлынхны хамгийн өндөр орлоготой сар эхлэх гэж байна. Учир нь шинэ жилийн баярыг тохиолдуулан хөдөлгөөн ихэсч, урлагийнхан идэвхждэг. Тэгвэл эдгээр уран бүтээлчид орлогын албан татвараа хэр төлдөг вэ?
Орлого олж байгаа этгээд нь өөрөө төлж, тайлагнах ёстой байдаг. Тухайн орлого олсон бараа бүтээгдэхүүн борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн орлогод төлбөрийн баримтыг олгож хэвших үүрэгтэй.
Заавал урлаг, соёлынхон гэлтгүй орлого олсон иргэн бүр татварын тайлангаа гаргаж, төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Төлбөрийн баримтын талаар нэг зүйлийг тодруулаад хэлэхэд, энэ нь НӨАТ-ын баримт гэдэг утгаар ойлгогдож болохгүй. Та өөрөө төлбөрөө төлөөд, ямар нэгэн бараа, үйлчилгээ худалдаж авсан гэдгийг нотолж байгаа санхүүгийн анхан шатны баримт учраас заавал авах үүрэгтэй. Ямар нэгэн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, орлого олж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох, өгөх үүрэгтэй. Тэгэхээр үйлчилгээ авч байгаа хүмүүс төлбөрийн баримт заавал шаардаж авах үүрэгтэй. Ингэснээр орлого олж байгаа этгээдийг тайлагнуулах, татварын албанд мэдээлэх, хүн бүр хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, биелүүлэхэд түлхэц болно.
Урлаг, соёлынхны хувьд татварын талаар мэдлэг, мэдээлэл харьцангуй сайтай байна. Бид төлбөрийн баримт олгох үүрэгтэй гэдэг талаас мэдээлэл хүргэж ажиллахад голлон анхаарч байна. Сургалт, сурталчилгаа зохион байгуулах, харьяалах татварын албадаар нь дамжуулж, мэдээллийг хүргэхэд татварын албанаас анхаарч ажиллаж байна.
Урлагийнхантай хамтарч ажилласан тохиолдолд хэрхэн төлбөрийн баримтаа авах вэ?
Төлбөрийн баримтыг маш хялбархан шийдлээр авах боломжууд хийгдэж, програмын хөгжүүлэлтүүд нэвтрээд эхэлсэн. Жишээлбэл, тухайн урлагийн үзүүлбэр үзүүлсэн урлаг соёлынхны гар утасны и-баримт аппликейшнд татварын цэсэнд QR код үүсгэх гэсэн цэс байдаг. Тухайн үүссэн QR кодыг нь уншуулаад, тухайн данс руу бэлэн бусаар мөнгө шилжүүлэх гэдгээ сонгоход шууд баримт үүсэх хөгжүүлэлт хамгийн энгийн, хялбар шийдэл байдаг.
Нөгөө талаас хувь хүнд олгосон орлого гэдгээр баримт үүсгээд, тухайн үйлчилгээ үзүүлж, орлого хүлээн авч байгаа этгээдээр баримтыг нь баталгаажуулах ажлыг хийлгэвэл хамгийн энгийн, хялбар шийдлээр баримт үйлдэнэ.
Орлогоо нуун дарагдуулсан тохиолдолд хуулийн хүрээнд ямар арга хэмжээ ноогдуулах вэ?
Татварын тайлан өгөөгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулсан зэрэг үйлдэл, зөрчил нь тус бүртээ хариуцлага тооцохоор байдаг. Зөрчлийн тухай хуулиар татварын тайлангаа гаргаж ирүүлээгүй байвал 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээлгэх, төлбөрийн баримтыг олгоогүй тохиолдолд борлуулалтын орлогын 20 хувь, тухайн сарын борлуулалтын орлогын хоёр хувь зэргээр тодорхой хэмжээний торгуулийн арга хэмжээ авах заалтууд байдаг.
Ярилцсанд баярлалаа.