Бизнес эрхлэгч Анна Ворошеваг Оленовка хотын цагдан хорих төвд 100 хоног байлгасны дараа хүн амины хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.
Украины бизнес эрхлэгч, 45 настай Анна Ворошева шоронд байх үеийнхээ тухай "Observer" сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Тэрээр гуравдугаар сарын дундуур Украины зүүн хэсэгт орших Оросыг дэмжигч Бүгд Найрамдах Донецк Ард Улсын (ДНР) хяналт шалгалтын цэгт саатуулагдсаныхаа дараа Оленовка хотын цагдан хорих төвд 100 хоногийг өнгөрүүлжээ.
Анна Ворошева тухайн үед Мариупольд хүмүүнлэгийн тусламж хүргэх гэж байгаад шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулагдсан аж. Салан тусгаарлагчид түүнийг баривчилж, цагдаагийн фургонд суулган шорон руу аваачиж, "терроризм"-ын хэргээр долдугаар сарын эхэн хүртэл хорьжээ.
Одоо Францад байгаа Ворошева Оросууд Украины дайны олзлогдогсдыг "санаатайгаар" хөнөөсөн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд "Бид туйлын бузар муухай зүйлийн тухай ярьж байна" гэжээ.
Болсон явдлыг тодруулбал, Украины олзлогсдыг Ворошева бусад хоригдол эмэгтэйчүүдтэй хамт байсан хоёр давхар бетонон блокоос хол зайд байрлах баазын аж үйлдвэрийн бүсийн тусдаа хэсэгт шилжүүлжээ.
Шилжүүлгийн маргааш буюу долдугаар сарын 29-нд учир битүүлэг бөгөөд аймшигтай дэлбэрэлт болж 53 хоригдол амиа алдаж, 75 хүн шархадсан байна. Уг мэдээллийг ОХУ хийсэн бөгөөд Украин тэднийг АНУ-д үйлдвэрлэсэн нарийн чиглүүлэгч Химарс пуужингаар устгасан гэж Москва мэдэгдэв.
Харин Украины талаас мөрдөн байцаалт явуулахыг уриалав. Дэлбэрэлтэд хохирогчид Азовын батальоны цэргүүд байсан. Тавдугаар сард бууж өгөх хүртлээ тэд Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалж байсан гэнэ.
Хиймэл дагуулын зураг болон бие даасан дүн шинжилгээгээр тэдгээр нь барилгын дотроос хүчтэй тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас устгагдсан болохыг харуулж байгаа аж.
"Оросууд тэднийг амьд үлдэхийг хүсээгүй. Дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийн зарим нь аль хэдийн цогцос байсан гэдэгт би итгэлтэй байна. Энэ нь тэднийг тарчлаан зовоож нас барсан гэдгийг нуухад хамгийн тохиромжтой арга байсан” гэж Анна Ворошева хэлэв.
Эрэгтэй хоригдлуудыг хорих ангиас нь байнга гаргаж, зодож, дараа нь дахин цоожилдог байв. "Бид тэдний уйлахыг сонсдог ч оросууд тэдний хашгирах дууг далдлахын тулд хөгжмөө маш чанга тавьдаг байсан . Эрүүдэн шүүлт байнга гардаг байсан. Мөрдөн байцаагчид энэ тухай хошигнож, хоригдлуудаас "Чиний царай юу болсон бэ?" гэж асуухад цэрэг "Би уначихлаа" гэж хариулахад тэд инээлддэг” хэмээн Анна Ворошева тайлбарлажээ.
120-р хүмүүжүүлэх колони гэгддэг Оленовка орчимд замын хөдөлгөөн байнга идэвхтэй байдаг гэж Ворошева хэлэв. Хуучин ЗХУ-ын хөдөө аж ахуйн сургууль байсан энэ сургууль 1980-аад онд шорон болж хувирч, дараа нь хаягдсан аж. Харин оросууд үүнийг энэ оны эхээр дайсны энгийн иргэдийг байрлуулахад ашиглаж эхэлжээ.
Эзлэгдсэн Донецкээс баруун өмнө зүгт 20 км-ийн зайд орших хуаранд өдөр бүр олзлогсод ирж, буцдаг гэж Ворошева Observer сэтгүүлд өгсөн ярилцлагатаа дурдсан юм. Тэнд 2500 орчим хүн хоригдож байсан бөгөөд энэ тоо заримдаа 3500-4000 хүртэл нэмэгддэг ч ус, цахилгаангүй байдаг гэнэ.
“Биднийг ихэвчлэн нацист, террорист гэж нэрлэдэг байсан. Миний камерт байсан эмэгтэйн нэг нь Азовсталь эмнэлгийн эмч байсан. Тэр жирэмсэн байсан. Би түүнд хоол хүнсээ өгч болох уу гэж асуухад "Үгүй ээ, тэр бол алуурчин" гэж тэд хэлсэн. Тэд надаас асуусан цорын ганц асуулт бол "Та Азовын цэргүүдийг мэддэг үү?"
Эмэгтэй хоригдлуудын нөхцөл байдал хүнд байсан. Тэр тэднийг эрүүдэн шүүгээгүй ч бараг хоол хүнс өгдөггүй байжээ. Тодруулбал, оройн хоолонд 50 гр талх, заримдаа будаа л өгдөг.
Ворошевагийн хэлснээр шоронгийн ажилтнууд Оросын суртал ухуулгаар тархи нь угаагдсан украинчуудыг нацистууд гэж үздэг нутгийн тосгоны иргэд байсан гэнэ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг дэлбэрэлтийг “Оросын санаатай дайны гэмт хэрэг, Украины олзлогдогсдыг зориудаар бөөнөөр нь хөнөөсөн хэрэг” гэж нэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт түүний ажлын алба болон Украины Батлан хамгаалах яам Кремлийн гэм буруутайг илтгэж буй сэжүүрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн билээ.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN