АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахад БНХАУ-ын эрх баригчид яагаад уурлах, эгдүүцэх болов. Үүнийг ярихын өмнө Тайваний түүхэн замналын талаар товчхон дурдъя.
- Тайвань нь Полонезийн арлуудын нэг, уугуул оршин суугчид нь ч полонезууд. Энэ арлыг анх португальчууд нээж Формоза гэж нэрлэж байв.
- Хожим 1686 онд арлыг Манжийн их хаан Канши буюу монголоор Энх-Амгалан хаан эзлэн авч Чин улсад нэгтгэжээ. Энэ үед Тайвань Хятадын нэг хэсэг болсон юм.
- 1895 онд Тайвань Хятад-Японы дайны үеэр Японы мэдэлд шилжжээ.
- 1945 онд Тайвань Хятадад буцаж нэгдсэн.
- Улмаар Хятадын иргэний дайнаар ялагдсан Гоминдан /Ардын хувьсгалт нам/-ын эрх баригчид 1949 оноос Тайванийг эх газраас бүрэн тусгаарлажээ.
- 1971 онд Тайвань НҮБ-аас гарав. /1945 онд Хятад нь НҮБ-ийн байнгын хорооны таван гишүүний нэг болсон ба 1949 онд Тайваний аралд шилжин ирснээсээ хойш ч энэ суудлаа хадгалж дэлхийн улс төрийн бодлого тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэсээр байсан юм. Харин 1971 онд түүний Байнгын хороон дахь суудлыг БНХАУ-д шилжүүлэхэд уурандаа тэр чигээрээ НҮБ-аас гарчээ/
- 1990 онд Тайвань дахь Гоминданы олон жилийн дангаар ноёлол устаж, цэргийн дэглэмийг түлхэн унагаснаар ардчилсан тогтцод шилжив.
Тайвань улс НҮБ-д эргэн элсэх саналыг 2007 он хүртэл 16 удаа гаргасан юм. Байнгын хорооны гишүүн Хятадаас үүнийг үргэлж эсэргүүцэл мэт үзэж байлаа.
Өнөөдрийн байдлаар Хятадын коммунизмд зарчмын үндсэн өөрчлөлт гарч зах зээлийн эдийн засагт шилжсэн хүчирхэг Хятад улс босож ирсэн. Харин Тайваньчуудын хувьд эх газраасаа бүрэн тусгаарлах хүсэлтэй шинэ үе өндийн хэдийнээ төрөө барих болсон юм.
Тайваний тусгаар тогтнох гэсэн асуудалд Бээжин тун ч эмзэг, ширүүн, эрс шийдмэг ханддаг байсан, байгаа, байсаар ч байх бололтой. Тайвань өөрийн тусгаар тогтнолоо зарладаг л юм бол шууд цэрэглэн довтлоно гэдгээ ил тодоор мэдэгдэж байна. Тайванийг эх газартаа нэгдэхийг Бээжин яаруулахгүй байгаа ч тусгаарлах оролдлогыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм.
Үүний гол зангилаа нь Нэг Хятад бодлогоос үүдэлтэй. БНХАУ өдгөө Дипломат харилцаа тогтоож байгаа аль ч орноос хатуу шаарддаг ганц болзол нь “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөх явдал. Нэгэнт хүчирхэгжиж дэлхийд том байр суурь эзлэх Хятад улсын “нэг Хятад” бодлогыг аль ч орон үг дуугүй хүлээн зөвшөөрдөг.
Пелосиг Тайваньд газардсаны дараа Хятадын ГХЯ мэдэгдэл хийхдээ, “Энэ аялал нь Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэст ноцтой нөлөө үзүүлнэ. АНУ-ын даргын айлчлалын хариуд Хятад улс өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах нь гарцаагүй" гэв.
Харин Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, “Ардын чөлөөлөх арми өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Нөхцөл байдлыг сөрөн зогсох, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалж, гаднын хүчний хөндлөнгийн оролцоог эрс таслан зогсоох зорилгоор хэд хэдэн зорилтот цэргийн ажиллагаа явуулна" гэжээ.
Ийн ширүүн мэдэгдэл гаргасан ч өнөөдрийн нөхцөл байдал тайван байгаа юм. Бээжин хариу арга хэмжээ авч эхлүүлсэн ч мэдэгдэл шигээ ширүүн байж чадахгүй байгаа нь дэлхийн анхаарлын төвд буй.
Дээр дурдсанчлан Бээжин хэдэн арван жилийн турш Тайпэйг дэлхийн тавцангаас тусгаарлахыг хичээж, олон улсын байгууллагад элсэхэд нь саад учруулж ирсэн. Пелосигийн айлчлал ч үүнтэй ижил утгатай.
Дахин түүх сөхвөл, 1995 онд Тайваний тухайн үеийн Ерөнхийлөгч Ли Тэн Хуй АНУ-д айлчилсан нь Тайваний хоолойд томоохон хямралыг үүсгэсэн юм. Энэхүү аялалд эгдүүцсэн Хятад улс Тайванийг тойрсон усан хил рүү пуужин харвасан бөгөөд АНУ Тайпэйд хүчтэй дэмжлэг үзүүлсэн байдаг. Нисэх онгоц болон хоёр байлдааны бүлгийг илгээсний дараа л хямрал дууссан юм.
Пелоси Хятадын Коммунист намыг удаан хугацаанд шүүмжилсэн нэгэн. Тэрбээр Бээжингийн хүний эрхийн байдлыг буруушааж, ардчиллыг дэмждэг. Энэ нь түүнийг Хятадын засгийн газрын өргөс хэвээр байлгасаар буй.
АНУ олон арван жилийн турш Тайванийг хамгаалалтын зэвсгээр хангадаг боловч Хятадууд түрэмгийлсэн тохиолдолд Тайванийг хамгаалах эсэх нь бүрхэг хэвээр байгааг гадны судлаачид хэлжээ.
Товчхондоо Хятадын талаас, Тайваньд Нэнси Пелоси айлчилж байгаа нь Хятадын өсөлтийг хязгаарлахын тулд “Тайванийн хөзрөөр тоглож буй” асуудал гэж үзэн илт дургүйцэж байгаа юм.
Ташрамд дурдахад, 2018 оны гуравдугаар сард АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп Тайваньд аялах тухай хуульд гарын үсэг зурснаас хойш АНУ-ын албаны хүмүүс болон хууль тогтоогчид тус арал руу 20 гаруй удаа аялсан талаар CNN агентлаг мэдээлжээ.