“Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлах юм бол бид зүгээр суухгүй, хатуу арга хэмжээ авна” гэж Бээжингийн эрх баригчид мэдэгдсэн. Гэтэл 12 цагийн өмнө Нэнси Пелоси Тайваньд газардлаа.
Үүнийг зарим судлаачид, “Хятадын сүрдүүлгэд автаад айлчлалаа цуцалсан бол дотооддоо ч олон улсад ч нэр хүнд нь унана. Хятад Америкийг айлгадаг болсон уу гэсэн яриа дэлхий даяар гарна. Тиймээс албан мэдэгдэлдээ Тайванийг тусгаар улсуудтай зэрэгцүүлж нэр заалгүйгээр гэнэт айлчилж байгаа нь байж болох хамгийн оновчтой нүүдэл” гэж үзэж байна.
Тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Тайванийг гадны халдлагаас хамгаална гэж амласан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Товчхондоо Нэнси Пелоси ерөнхийлөгчийн засаг захиргаанд захирагдалгүй ийнхүү улс төрийн нүүдлээ хийлээ.
Нэнси Пелоси нь:
- Нэнси Пелоси нь Төлөөлөгчдийн танхимын 52 дахь дарга бөгөөд 2007 онд Төлөөлөгчдийн танхимын даргаар ажилласан анхны эмэгтэй хүнээр сонгогдон түүхэнд бичигдсэн юм. Тэрбээр 2019 оны нэг сард хоёр дахь удаагаа албан тушаалаа эргүүлэн олж авсан.
- 1940 оны гуравдугаар сард төрсөн тэр итали болон америк гэр бүлээс гаралтай, долоон хүүхэдтэй айлын ганц охин. Тэрбээр Бальтиморын католик шашинтнуудын охидын дунд сургуулийг дүүргэж, Нотр Дамын их сургуулийг төгсчээ. Мөн Вашингтоны Тринити коллежийг дүүргэсэн байна.
Нэнси Пелосиг Хятадын эсрэг үзэлтэй улс төрч гэдэг. Хятад дахь хүний эрхийн асуудлыг идэвхтэй хөнддөг, дуугардаг байсныг гаднын хэвлэлүүд онцолж байна. Пелоси Төлөөлөгчдийн танхимыг даргалах үедээ Шиньжян, Хонконгийн асуудлыг хөндсөн олон тогтоол, хууль гарсан байна. Түүний хувьд, "Тайванийн ард түмнийг хөгжин цэцэгжүүлэхийн тулд 40 зүтгэсэн, тэдэнд боломж олгосон” гэдэг байр суурьнаас улс төрийн нүүдлээ хийж буй.
Харин Тайваний тусгаар тогтнох гэсэн асуудалд Бээжин тун ч эмзэг, ширүүн, эрс шийдмэг хандаж байгаа. Тайвань өөрийн тусгаар тогтнолоо зарладаг л юм бол шууд цэрэглэн довтлоно гэдгээ ил тодоор мэдэгдэж байна хэмээн суудлаачид таамаг дэвшүүлсээр байна.
Ямартай ч Пелоси Тайваньд очдогоороо очлоо. Харин Хятадын талаас гаргасан мэдэгдэл шигээ хатуу арга хэмжээ авах нь эргэлзээтэй байгаа бөгөөд олны анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд байна.
Тайванийг эх газартаа нэгдэхийг Бээжин яаруулахгүй байгаа боловч нөгөө талаар тусгаарлах санааг нь сонсохыг ч хүсэхгүй байгаа. Дипломат харилцаа тогтоож байгаа аль ч орноос хатуу шаарддаг ганц болзол нь “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөх. Бүс нутагт төдийгүй дэлхий даяар Хятадын нөлөө эрс өсөж байгаа ба дэлхийн зах зээл өөрөө Хятадаас улам их хамааралтай болж байгаа өнөө үед энэхүү “нэг Хятад” бодлогыг аль ч орон үг дуугүй хүлээн зөвшөөрч байгаа юм.
Харин ОХУ-ны талаас түүний айлчлалыг өдөөн хатгалага гэж үзээд байна. Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд "Энэ аялал болон АНУ-ын Тайваньд хийх боломжтой айлчлалын талаарх бүх зүйл өдөөн хатгасан шинж чанартай" гэжээ.