АНУ-ын хамгийн том идэвхтэй хээрийн түймэр Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хурдацтай тархаж байгаа тул Калифорни мужийн зарим хэсэгт онц байдал зарлалаа.
Баасан гарагаас эхлэн царс модны түймэр хурдацтай нэмэгдэж, гал сөнөөгчид түймрийг дарах гэж тэмцэж байна.
Калифорнийн гал түймрийн албанаас "Тэсэрч дэлбэрч буй аюултай гал түймэр нь гал сөнөөгчдөд хүндрэл учруулж байна" гэж мэдэгдэв.
Тус мужид 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 10 байшин сүйдсэн гэсэн мэдээлэл цацагдаад буй. Марипоза мужид зарласан онц байдал нь муж улсад түймрийг унтраахад холбооны зарим тусламж авах боломжийг олгох юм.
Галыг унтраахаар 400 орчим гал сөнөөгч, дөрвөн нисдэг тэрэг ажиллаж байна. CalFire-ийн хэвлэлийн төлөөлөгч Наташа Фоутс хэлэхдээ, албаны хүмүүс ирэх долоо хоног хүртэл галыг дарна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Гал ойртож байгаа тул орон нутгийн иргэд гэр орноо нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Баасан гаригт галаас зугтахыг оролдсон гуталгүй нэг өндөр настныг гал сөнөөгчид аварсан байна.
Орон нутгийн зочид буудлын эзэн Алисса Вильдт LA Times сонинд "Бид нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээр дүүрэн байна” хэмээн тайлбарлажээ.
Түймрийн цар хүрээ нь Калифорнид түймрийн улирал эхэлж буй аймшигт дохио болж байгаа бөгөөд ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт, хэт ургасан зэрлэг ургамлууд нь ихээхэн бэрхшээл учруулж, түймрийн хурдацтай тархах магадлалыг нэмэгдүүлж байгааг албаныхан анхаарууллаа.
АНУ-ын ихэнх нутаг хэт халалттай байна. Одоогийн байдлаар арав гаруй мужид дулааны сэрэмжлүүлэг үйлчилж байна. Бямба гарагт Марипоза мужид агаарын температур 96F (35.5C) хүрч, ойрын хэдэн өдөр энэ түвшинд байх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Царсан ойн түймэр шатаж буй газраас зүүн хойд зүгт орших Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн том, хамгийн эртний секвоиа мод ургадаг. Нэн ховор улаан мод энэ сарын эхээр дахин түймрийн аюулд өртөж байсан ч гал сөнөөгчид тэднийг аварч чадсан гэнэ. АНУ-ын Ойн алба баасан гарагт улаан модыг хамгаалах яаралтай арга хэмжээ авч, гал түймрийг өдөөж болох нам дор ургамлыг устгах болон бусад арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэв.
Уур амьсгалын өөрчлөлт нь хуурай, халуун цаг агаарын эрсдэлийг нэмэгдүүлж, ой хээрийн түймрийг өдөөх эрсдэлтэй.
Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш дэлхий аль хэдийн цельсийн 1.1 орчим хэм дулаарсан гэдэг. Засгийн газрууд утаагаа эрс бууруулахгүй бол агаарын температур өссөөр байх болно.
Европын хэд хэдэн засгийн газар сүүлийн долоо хоногт тив даяар дэгдсэн олон арван тусдаа ой хээрийн түймрийг дарах гэж тэмцэж байгаа билээ.
Эх сурвалж: BBC News