ДЭМБ пүрэв гарагт уг асуудлаар хоёр дахь онцгой байдлын хороогоо хуралдуулсны дараа бямба гарагийн өглөө энэ шийдвэрээ зарласан юм.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус бямба гарагийн өглөө “Сармагчны цэцэг өвчний дэгдэлт нь олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламж шаардлагатай өвчин гэж бид тооцож байна" гэж мэдэгдэв.
Тедрос “Онцгой байдлын хороо зөвшилцөлд хүрч чадаагүй ч уг өвчний дэгдэлт нь олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламж мөн эсэхийг шийдэхэд шаардагдах таван элементийг авч үзээд ийм шийдвэрт хүрсэн” гэдгийг онцолжээ.
Тэрээр сармагчны цэцэг өвчнийг олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламж гэж зарлаж байх зуураа "Одоогийн байдлаар энэ нь эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог, ялангуяа олон хамтрагчтай эрчүүдийн дунд төвлөрсөн дэгдэлт болоод байна. Тиймээс зөв бүлгүүдэд зөв стратеги ашиглан зогсооно” гэдгийг ч хэлсэн юм.
ДЭМБ-аас зургаадугаар сарын 23-нд болсон анхны шуурхай хуралдааны дараа сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг олон улсын хэмжээнд анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц байдал хэмээн зарлахаа больсон. Тухайн үед "Одоогийн байдлаар энэ үйл явдал нь Нийгмийн эрүүл мэндийн асуудал биш" хэмээн авч үзэж байжээ.
ДЭМБ-ын зарласан олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал буюу PHEIC нь "тухайн өвчний олон улсын тархалт бусад улсын эрүүл мэндэд эрсдэл учруулах" бөгөөд "олон улсын зохицуулалттай хариу арга хэмжээ авах шаардлагатай байж болзошгүй онцгой үйл явдал" байдаг аж.
PHEIC хэмээх нэршил нь 2005 онд батлагдсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм журмаас гаралтай бөгөөд дэлхий даяар тархах боломжтой нийгмийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад туслах олон улсын гэрээг илэрхийлдэг.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс уг журмыг "Дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн болзошгүй онцгой байдлын үед илрүүлж, мэдээлэх чадавхыг бий болгох зорилгоор 196 улстай байгуулсан хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ” гэдгийг тайлбарласан байдаг.
Уг зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл дөрвөн PHEIC зарласан байдаг аж. Тодруулбал:
- 2009-2010 он хүртэл H1N1 томуу;
- 2014-2016, 2019-2020 онд Эбола;
- 2016 онд Зикавирусын халдварын тархалтаас үүдэн олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарлаж байжээ.
Одоогийн байдлаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-ын 44 муж, ДС, Пуэрто Рико мужуудад сармагчны халдварласан байж болзошгүй буюу батлагдсан 2800 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа бол дэлхийн хэмжээнд 74 улсад 16500 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: CNN News