Өсвөр насны хүүхдүүд электрон тамхи ихээр татах болсон. Их Британийн мэргэжилтнүүд хүүхдүүд электрон тамхи сонирхон татах болсон нь “нийгмийн эрүүл мэнд”-ийн том асуудал дагуулна хэмээн анхааруулж байна.
Цахим тамхины тэсрэлт нь никотинд донтсон залуучуудын үеийг бий болгоно гэсэн болгоомжлол бий.
Линдси Смитийн хүү 14 настай байсан бөгөөд анхны э-тамхиа худалдан авчээ. “Уур гаргаж буй” YouTube-ийн бичлэгүүдэд шимтсэн хүү нь өөрөө үүнийг туршиж үзэхээр шийдсэн талаар Линдси сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Эхлээд тэрээр унтлагын өрөөндөө сууж, дэлгэцэн дээрээ харж байсан сүнс хэлбэртэй үүлсийг бүтээхийн тулд амьсгалах техникийг дадлага хийж, танихгүй хүмүүсийг онлайнаар хуулбарлахыг оролддог байсан аж.
Тэрээр долоо хоногт 5 фунт стерлинг буюу халаасныхаа мөнгөөр сургуулийнхаа том хүүгээс худалдаж авсан 2%-ийн никотинтай тарвасны амттай тамхи хэрэглэж эхлэх хооронд найзууд нь 12.5%-ийн никотин агуулсан хууль бус төхөөрөмж олж авчээ. Энэ нь хүүгийн анхлан хэрэглэж үзсэн э-тамхинаас 6 дахин никотины агууламжтай буюу хуульд зааснаас давсан агууламжтай юм.
Смит бол Их Британи даяар тамхи татах нь хүүхдүүдийн дунд чимээгүйхэн “алдаршиж” буйд түгшсэн олон эцэг эхийн төлөөлөл бөгөөд эрүүл мэндийн ажилтнууд болон засгийн газраас э-тамхины талаар цөөн хэдэн анхааруулга өгдгөөс өөр сөрөг үр дагаврыг нь хайхардаггүйд бухимддаг нэгэн.
Хэдийгээр 18-аас доош насныханд уг төхөөрөмжийг худалдах нь хууль бус байсан ч сүүлийн таван жилд насанд хүрээгүй хүүхдүүд э-тамхи татах нь огцом нэмэгдэж, 16-18 насныхны эзлэх хувь хоёр дахин өссөн байна.
Observer сэтгүүл энэ төрлийн тамхины тэргүүлэгч брэндүүдийн нэг болох Elf Bar олон нийтийн мэдээллийн хэрэгслээр TikTok программ дээр бүтээгдэхүүнээ залуучуудад сурталчлах дүрмийг хэрхэн зөрчиж байсныг илчилсэн.
Одоо хүүхдийн амьсгалын замын эмч нар гадил жимсний сүүн коктейль зэрэг алдартай амттангийн нэр бүхий э-тамхийг хүүхдэд ээлтэй савлагаатай худалдаалахыг зөвшөөрөх эрсдэлийн талаарх сэрэмжлүүлгийг үл тоомсорлож байгааг шүүмжилж буй. Шүүмжлэх болсон шалтгаан нь энэ төрлийн тамхин дахь никотины агууламж нь Их Британид зөвшөөрөгдсөн хамгийн өндөр концентрациас ч их байгаатай холбоотой.
Royal Brompton болон Harefield эмнэлгүүдийн хүүхдийн цээжний эмч, профессор Эндрю Буш хэлэхдээ: "Бид никотинд донтсон үе үеийн хүүхдүүдтэй хамт нийгмийн эрүүл мэндийн сүйрэл рүү унаж байгаад санаа зовж байна" хэмээн энэхүү аюулыг тодорхойлжээ.
Вап буюу э-тамхины урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, Их Британид худалдаалагдаж буй энэ төрлийн ихэнх бүтээгдэхүүн нь хууль бус бөгөөд хориотой химийн бодис эсвэл хэт хүчтэй никотин агуулсан байж болзошгүй гэдэг нь эцэг эхчүүд төдийгүй эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын санаа зовниж буй гол зүйл аж.
Зүүн Сассексийн хоёр хүүхдийн ээж Мария Кинг хүүгээ тамхи татаж эхэлсний дараа э-тамхины компаниуд өсвөр насныхныг онилсоны эсрэг тэмцэж эхэлжээ.
Линдси Смит хүүгийнхээ э-тамхи татах зуршлыг олж мэдээд никотин агуулсан цэнэглэгчүүдийг нь хураан авсан бөгөөд буулт хийх үүднээс түүнд никотингүй тамхи авч болно гэж хэлсэн байна. Ингэж хэлэхдээ хүүгээ донтуулагч химийн бодисгүйгээр “уур гаргах” шинэ сонирхлоо үргэлжлүүлэн хийх боломжтой байлгахыг хүссэн гэнэ.
Тэр хүүгээ э-тамхины уураа элдэв дүрстэй болгон үлээхээсээ удахгүй уйдна гэж бодсон ч харамсалтай нь хүү хэдэн долоо хоногийн дараа э-тамхинд татагдаж эхэлсэн байна. Найман сарын дараа тэрээр каннабисын үндсэн сэтгэцэд нөлөөт бодис болох THC буюу тетрагидроканнабинол, синтетик каннабиноид Спайс агуулсан тамхи хэрэглэж үзээд түүндээ донтож, ангийнхнаасаа авсан тамхи татаж эхэлжээ.
Нэрээ хэлэхгүй байхыг хүссэн Лондонгийн нэгэн аав астма өвчтэй 16 настай охин нь
одоо "өдөрт хоёр хайрцаг тамхитай тэнцэхүйц хэмжээний э-тамхи татдаг" гэдгийг хэлжээ. "Энэ бол үнэхээр манай өсвөр насны хүүхдүүдийн дунд тархсан тахал юм" хэмээн ярих аав охиноо үүнээс нь хэрхэн гаргахаа мэдэхгүй аргаа бараад байгаагаа ч дурджээ.
Өөр нэг эцэг түүний өсвөр насны ихэр охидын нэг нь 12 настайгаасаа, хүү нь 14 настайгаасаа э-тамхи татаж эхэлсэн гээд "Хүүхдүүд тэднийг орон нутгийн дэлгүүрээс амархан худалдаж авдаг, гэхдээ энэ нь тамхи биш учраас хэн ч тоохгүй байх шиг байна. Энэ хооронд маш олон хүүхэд никотинд донтож, тамхины салбар шинэхэн үйлчлүүлэгчтэй болж байна" гэдгийг онцолсон байна.
Хүүхдийн амьсгалын замын анагаах ухааны багш, эрүүл мэндийн зөвлөх Сара Браун
"Хүүхэд, залуучуудын тархи насанд хүрэгчдийнхээс өөр байдаг тул тэд насанд хүрсэн хүнээс хамаагүй хурдан никотинд донтдог. Энэ нь маш их санаа зовоож байгаа”-г онцлон хэлж э-тамхины урт хугацааны гаж нөлөө тодорхойгүй хэвээр байгааг дурдсан байна.
Электрон тамхи нь янжуур тамхинаас хамаагүй аюулгүй гэж тооцогддог ч эрүүл мэндэд аюултай хэвээр байна. 2019 оны 12-р сард Америкийн Урьдчилан сэргийлэх Анагаах Ухааны сэтгүүлд нийтлэгдсэн тайланд э-тамхи хэрэглэх нь хүний багтраа, бронхит, эмфизем зэрэг уушгины архаг өвчнөөр өвчлөх эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Хүүхдийн амьсгалын замын болон хүрээлэн буй орчны анагаах ухааны профессор Жонатан Григ 2018 оны 11-р сард Хүүхдийн өвчлөлийн архивт нийтлэгдсэн нийтлэлийн хамтран зохиогч байсан бөгөөд энэ нь олон мянган хүүхэд никотинд донтох эрсдэлтэй болохыг анхааруулсан юм.
Эх сурвалж: The Guardian