Украины дайн дэлхийн хүнсний зах зээлд томоохон цохилт авчирсан. 2022 оны 3-4-р сард нэрлэсэн үнээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн Дэлхийн банкны хүнсний барааны үнийн индекс өмнөх хоёр сарынхаас 15 хувиар, хоёр жилийн өмнөхөөс 80 гаруй хувиар өссөн байна. Улаан буудай болон хэд хэдэн хүнсний тос өсөлтийг тэргүүлээд байна. Украин, Орос эдгээр түүхий эдийн чухал экспортлогч улс юм. Украины хямрал нь 2020 оны дунд үеэс нийлүүлэлтийн гинжин хэлхээний янз бүрийн хязгаарлалт, эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг нэмэгдүүлсээр иржээ.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ энэ жил 20 орчим хувиар өсөх бол 2023 онд буурах хандлагатай байна. Гэсэн хэдий ч цаашид нийлүүлэлтийн тасалдал, орцын өртөг нэмэгдэх, бодлогын хязгаарлалт зэрэг эрсдэл бий гэдгийг мартаж болохгүй.
Дэлхийн улаан буудай, эрдэнэ шишийн зах зээл 2022-2023 онд улам чангарах төлөвтэй байна. Дэлхийн улаан буудайн нийлүүлэлт (эхний нөөц, үйлдвэрлэл) 2022-2023 онд 1.5 хувиар буурах төлөвтэй байгаа нь хоёр дахь дараалсан бууралт болж буй. Энэ хомсдол нь Аргентин, Австрали, Украинд төлөвлөгдсөн ургац бага байгааг харуулж байгаа юм. Украин, АНУ-аас нийлүүлэх хэмжээ багассантай холбоотойгоор эрдэнэ шишийн нийлүүлэлт ч чангарах төлөвтэй байна. Харин дэлхийн хэмжээнд цагаан будаа, шар буурцгийн нийлүүлэлт 2022-2023 онд өмнөх оныхоосоо 0.6% ба 3.5%-иар тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Эрдэнэ шиш, улаан буудайн нийлүүлэлтийн таамаглал буурч, хэрэглээний хүчтэй өсөлт нь 2022-2023 онд нийт нөөцийн ашиглалтын харьцааг (эрэлттэй харьцуулах нийлүүлэлтийн хэмжүүр) 28 хувьд хүргэх төлөвтэй байна. Хэдийгээр энэ нь гурав дахь жилдээ дараалан буурч байгаа боловч энэ харьцаа (12 хүнсний бүтээгдэхүүнээс бүрддэг) 2006-2007 оны хамгийн доод үзүүлэлт болох 17%-иас хамаагүй өндөр байгаа аж.
Орцын үнэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гол шалтгаан байсан бөгөөд одоог хүртэл санаа зовоосон асуудал хэвээр байна. Эрчим хүчний үнэ, ялангуяа Европ дахь нүүрс, байгалийн хийн үнэ 2021 онд өссөн төдийгүй энэ онд улам өсөх төлөвтэй байна. Эрчим хүчний зах зээлийн хөгжил нь 2021 оны эхэн үеэс бордооны зах зээлд нөлөөлсөн. Хэд хэдэн химийн компаниуд орцын үнийн өсөлт, түүхий эдийн хомсдолоос үүдэн үйлдвэрлэлээ хумьж, зарим нь үйлдвэрлэлээ түр хаахад хүргэсэн билээ. Орос улс бордооны экспортоо хязгаарлаж байгаагаа зарласан нь Беларусийн экспортын хориг арга хэмжээнүүдтэй хавсарч энэ төрлийн зах зээлийг улам тогтворгүй болгож байна.
Ирэх онд эрчим хүч, бордооны үнэ Дэлхийн банкны таамаглаж байсанчлан тогтворжихгүй бол хүнсний үнэ өсөх томоохон дарамтад орно. ОХУ- Украины дайнтай холбоотой цаашдын тасалдал, бодлогын хязгаарлалт нь хэтийн төлөвт нэмэлт эрсдэл учруулах нь тодорхой.
Дэлхийн улаан буудай, хүнсний тосны экспортын 25.8%, хүнсний тосны 11.4%-ийг Орос, Украин улсууд эзэлж байна. Цаашид эдгээр улс орнуудад нийлүүлэлт, худалдаа тасалдах нь үнийг улам өсгөж болзошгүй. Дайнтай холбоотой тасалдалаас гадна хүнсний экспортын хязгаарлалт нь хэтийн төлөвт нөлөөлж болзошгүй юм. Тухайлбал, Энэтхэг, Индонези улсууд улаан буудай, далдуу модны тосыг экспортлохыг хориглож байгаагаа зарласан. Олон улсын хүнсний бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр дэлхийн хэмжээнд хүнсний хэрэглээний илчлэгийн 15 хүртэлх хувь нь экспортын хязгаарлалтад өртөж магадгүй гэсэн тооцоолол бий.
Эх сурвалж: World Bank