Сингапур, Сөүл, Сидней зэрэг амьжиргааны өртөг өндөртэй хотуудад өдрийн хоолны үнэ нэмэгджээ. Эдгээр хотынхон үнэ нь өссөн өдрийн хоолны хямралыг “lunchflation хэмээн нэрлэх болсон аж. Өөрөөр хэлбэл, инфляцаас шалтгаалж, эдийн засагт шинэ нэршил бий болж байна.
Өмнөд Солонгосын хэрэглээний үнийн индекс энэ оны зургадугаар сард 6 хувиар өссөн нь сүүлийн 24 жилийн хамгийн өндөр өсөлт аж. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр солонгосчууд үдийн хоолны хямралд өртөж эхэлсэн төдийгүй гадуур хооллохоос илүүтэй жижиг дэлгүүрүүдээс бэлэн өдрийн хоол авч идэх нь хямд тусах болжээ.
СИНГАПУР:
Тус улс үр тариа, эрчим хүчнийхээ ихэнх хэсгийг импортоор авдаг. Хүнсний ногооны үнэ сүүлийн үеийн ган гачиг, борооны улмаас илүү үнэд орсон аж.
Сингапурт хүнсний инфляцийн асуудлыг нэлээд нухацтай авч үздэг гэнэ. Тариалангийн талбай багатай, маш жижиг газар нутагтай тус улсы хүнснийхээ 90 хувийг нь бусад орноос импортлодог. Энэ нь дэлхий даяар хүнсний үнэ өсөх бүрт сингапурчууд шууд мэдэрнэ гэсэн үг юм. Украины хямраль Ковид-19, эсвэл ажиллах хүчний хомсдолоос үүдсэн эсэхээб үл хамааран тэд энэ жил хүнсний үнийн өсөлтийн үр нөлөөг маш хүчтэй мэдэрч байна. Тахиан махтай будаа нь Сингапурт нэлээд алдартай өдрийн хоол бөгөөд ихэвчлэн 3-5 сингапур долларын үнэтэй байдаг. Гэвч өнөө уг хоолны үнэ 25-50%-иар нэмэгдсэн байна. Хөрш Малайз улс саяхан гадаадад тахиа экспортлохоо зогсоох шийдвэр гаргасан, мөн Сингапурын хүнсэнд хэрэглэгддэг тахианы гуравны нэг нь Малайзаас гаралтай учраас Сингапурын хувьд асуудал болоод буй.
СИДНЕЙ:
Австраличууд энэ жил аймшигт цаг агаарт нэрвэгдээд буй. Зүүн эрэгт болсон томоохон үер жимс, хүнсний ногооны ургацыг сүйтгэж, нийлүүлэлтийг бууруулж, үнийг өсгөсөн. Сүүлийн 12 сарын хугацаанд жимс, хүнсний ногооны үнэ бараг 7 хувиар өсч, бордоо, дизель түлшний зардал асар их нэмэгдэж, Ковид-19-тэй холбоотойгоор нийлүүлэлт тасалдсан нь үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн. Энэ нь цөцгийн тостой талхны хооронд давхарласан өргөст хэмх, улаан лооль, лууван, улаан сонгино, шанцай, хиам, бяслаг нь алдартай нэмэлтүүд бүхий сэндвичийн үнэд ч нөлөөлсөн аж. Салаттай сэндвичний бүх орцын үнэ нэмэгдсэн, нэн ялангуяа шанцайны үнэ тэнгэрт тулсан гэхэд хилсдэхгүй. Нэг хайрцаг нь 10 ам.долларын үнэтэй байсан шанцайнд одоо 55 ам.доллар төлж байна.
ХҮМҮҮС ИНФЛЯЦИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛЖ БАЙНА ВЭ?
Солонгост одоо “хөргөгч ухах” хэмээн нэрлэгдээд буй нэн шинэ тренд дэлгэрчээ. Энэ нь үндсэндээ хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж буй мөнгөө хэмнэхийн тулд хөргөгчинд байгаа үлдэгдлүүдээ ашиглан хэрхэн зөв хооллох талаар зөвлөгөө өгөх тренд гэнэ. Солонгосчууд хөргөгчиндөө үлдсэн хүнснүүдээ ашиглан ямар хоол хийж идэж болох жороо нэг нэгэнтэйгээ хуваалцаж хүнсний үнийн хямралыг ухаалаг, хэмнэлттэй аргаар давахаар хичээцгээж байна.
Сингапурт хүмүүс “аврагдсан хүнс” идэж эхэлсэн гэнэ. Энэ нь маш сонирхолтой төдийгүй санаанд багтамгүй зүйл аж. “Аврагдсан хүнс” гэдэг нь хугацаа нь дууссан эсвэл бага зэрэг гэмтсэн боловч идэж, хоол хийж болохуйц хүнснүүд юм. Сингапурчууд супермаркет, дэлгүүрээс “аварсан хүнс” хайх болжээ. Хэдэн жилийн өмнө энэ нь үнэхээр төсөөлшгүй зүйл байсан, учир нь ихэнх хүмүүс би хугацаа нь дууссан хоол идэхгүй гээд ярвайх байсан биз. Гэхдээ цаг хугацаа, юмс өөрчлөгдөж байна.
Австраличуудын хувьд хүмүүс гэртээ их хоол хийхээс татгалзаж байна. Мөн өөр өөр супермаркетуудаар хэсч, хямд үнэтэй хүнс хайр болжээ. Үүний зэрэгцээ үнэд орсон бүтээгдэхүүнүүдийг орлуулах аргыг судалж байгаа аж. Австраличуудын эрэл хайгуул зөвхөн гэртээ хоол хийж иддэг хүмүүст л хамаатай зүйл биш. Тухайлбал, KFC australia бургер, ороомогтоо хийдэг шанцайгаа байцаагаар солихоор шийдсэн нь шуугиан тарьсан ч гэлээ бүх нийтийг хамраад буй хүнсний үнийн өсөлт, түүнийг ухаалгаар давж гарах гэсэн үйлдлүүдийн нэг жишээ юм.
Эх сурвалж: BBC News