НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал "45 орны 50 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ердөө нэг алхам л үлдээд байна" хэмээн анхаарууллаа.
Өлсгөлөнгийн гамшиг ойрын хоёр жилд болох бөгөөд энэ нь дэлхийн улс төрийн урьд өмнө хэзээ ч байгаагүй дарамт шахалт үзүүлэх эрсдэлийг бий болгож байна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли мэдэгдлээ.
ОХУ-ын бүслэлтэнд “орсон” Украины 25 сая тонн үр тариаг бүслэлтийг яаралтай цуцлах зэрэг богино болон урт хугацааны шинэчлэл хийхийг уриалсан Дэвид Бисли “өнөөгийн хүнсний хүртээмжийн хямрал дараагийн удаа бүр илүү аюултай хүнсний хүртээмжийн хямрал болж хувирах төлөвтэй байна” хэмээжээ.
Ковид-19-ийн хямрал гарахаас өмнө НҮБ-аас "хүнсний аюулд өртсөн" хүмүүсийн тоо 130 сая хэмээн мэдэгдэж байсан бол Ковидийн дараа энэ тоо 276 сая болж өссөн.
Блэйрийн хүрээлэнгийн өлсгөлөнгийн хямралын тухай шинэ товхимолд бичсэнээр “Украины хямралаас болж энэ тоо 345 сая болж нэмэгдсэн, дэлхийн 45 орны 50 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ердөө ганцхан алхам дутуу байна” гэжээ.
Дэлхийн хүнсний зах зээл хямарч, үнийн өсөлт, экспортын хориг, үндсэн хүнсний бүтээгдэхүүний хомсдол Украины хилээс хол газар тархаж байна. Африк, Ойрхи Дорнод, Ази, тэр байтугай Латин Америкийн улс орнууд энэ мөргөлдөөний халууныг мэдэрч эхэллээ.
Бислигийн хэлснээр бол дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж буй заналхийлэл нь дэлхийн хэмжээнд түлш, бордооны зах зээл дэх үймээн самууныг даамжруулж байгаа аж.
Яаралтай арга хэмжээ авахгүй бол хүнсний үйлдвэрлэл, ургац буурна. Энэ нь өнөөгийн хүнсний үнийн хямралаас гадна ирэх 12-24 сарын хугацаанд дэлхий дахинд хүнсний хүрэлцээний жинхэнэ хямрал, түүнийг дагасан олон тооны өлсгөлөнгийн цар хүрээтэй тулгарах магадлалыг нэмэгдүүлж байгаа гэнэ.
Сүүлийн хоёр сарын хугацаанд бага зэрэг буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ 2022 онд сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсэн билээ. Оросууд Украин руу довтолж, үр тарианы экспортод саад учруулсан Хар тэнгисийг бүсэлсэн нь хямралыг улам хурцатгаад буй.
"Дэлхийн хямрал" хэмээх товхимолыг гаргасан Тони Блэйр “Африк, Ойрхи Дорнод, Азийн ядуу буурай орнуудад нүүрлээд байгаа хүнсний хямрал нь "Арабын хавараас өмнөхтэй адил ноцтой эмх замбараагүй байдал үүсгэх нь гарцаагүй" гэжээ.
Эх сурвалж: The Guardian