Францын элчин сайдын яамыг бүслэхэд толгойлох үүрэг гүйцэтгэсэн Фусако Шигенобуг мөн Тель-Авивын халдлагыг зохион байгуулсан гэж үздэг. 1970-аад оны хамгийн аймшигт алан хядах байгууллагуудын нэгийг үндэслэгч Нидерланд дахь Францын элчин сайдын яамыг бүсэлсэн хэргээр 20 жилийн ял эдлээд энэ сард Японы шоронгоос суллагджээ.
Фусако Шигенобу нэгэн цагт "Терроризмын эзэн хаан" гэгддэг Японы Улаан армийг үүсгэн байгуулж, Палестины үйл ажиллагааг дэмжих зорилгоор дэлхий даяар зэвсэгт халдлага үйлдсэн зүүний радикал бүлэглэлийг байгуулж байсан нэгэн юм.
Өнгөрсөн бямба гарагт 76 настай Шигенобу охиныхоо хамт Токио дахь шоронгоос гарч явсан бөгөөд түүнийг дэмжигчид “Бид Фусакод хайртай” гэсэн уриа лоозон барьж шоронгийн гадаа хүлээж байсан аж.
Шигенобу суллагдсаныхаа дараа "Намайг баривчилж олон хүнд төвөг учруулсанд хүлцэл өчье. Энэ бол хагас зуун жилийн өмнөх явдал. Гэхдээ бид тулалдахаа урьтал болгож, хүн барьцаалах зэргээр гэм зэмгүй хүмүүст хохирол учруулсан" гэж хэлсэн байна.
Түүнийг 1972 онд Тель-Авивын Лод нисэх онгоцны буудалд пулемёт, гранатаар халдлага үйлдэж, 26 хүний аминд хүрч 80 орчим хүнийг шархдуулсан гэж үздэг.
Шигенобу Ойрхи Дорнодод 30 орчим жил дүрвэж амьдарсан боловч 2000 оны арваннэгдүгээр сард хуурамч паспорт ашиглан Японд нууцаар буцаж ирээд эрэгтэй хүний дүрд хувиран зочид буудалд нэвтрэхийг оролдох үеэрээ Осака хотод баривчлагджээ.
Шар буурцагны соус үйлдвэрлэдэг компанийн ажилтан асан тэрээр 1974 онд Гааг дахь элчин сайдын яамыг бүслэхэд оролцсон хэргээр хорин жил хоригдох ял авчээ.
Тодруулбал, Улаан армийн гурван дайчин элчин сайдын яам руу дайран орж, элчин сайд болон бусад 10 ажилтныг 100 цагийн турш барьцаалсан бүслэлтэд Шигенобу гэм буруугүй гэдгээ мэдэгдэж байсан ч сүүлд түүнийг гэм буруутай хэмээн тооцсон байдаг. Уг явдлын үеэр хоёр цагдаа буудуулж, хүнд шархадсан. Франц улс барьцаалагчдын хамт Сири рүү нисэх онгоцоор ниссэн шоронд хоригдож байсан Улаан армийн партизануудыг сулласнаар мөргөлдөөнийг дуусгавар болгож байжээ. Шигенобу халдлагад биечлэн оролцоогүй ч шүүхээс түүнийг Палестиныг чөлөөлөх ардын фронтыг зохицуулсан гэж мэдэгдсэн байдаг.
Дайны дараах Токио хотод ядуу зүдүү амьдрал дунд өссөн Шигэнобу 20 настайдаа Токиогийн их сургуульд суулт зарлах үеэрээ санамсаргүй байдлаар Ойрхи Дорнодын хэт даврагч үзэлтэй болсон гэдэг. Тэрбээр 2001 оны 4-р сард Улаан армийг татан буулгаж байгаагаа шоронгоос зарласан бөгөөд 2008 онд бүдүүн гэдэс, гэдэсний хорт хавдартай гэж оношлогдон хэд хэдэн мэс засал хийлгэсэн юм.
Шигенобу бямба гаригт эхлээд эмчилгээндээ анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн сул дорой байдлын улмаас "нийгэмд хувь нэмэр оруулах" боломжгүй болсон гэдгээ тайлбарлав. Гэхдээ тэр сэтгүүлчдэд хэлэхдээ: "Би өнгөрсөнөө эргэцүүлэн бодож, сониуч зангаа гээлгүй амьдрахыг хүсч байна" гэжээ.
2017 онд Japan Times сонины сэтгүүлчид бичсэн захидалдаа Шигенобу тус бүлэглэл зорилгодоо хүрч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд "Бидний итгэл найдвар биелээгүй бөгөөд энэ нь муухай төгсгөл боллоо” гэж бичжээ.
Терроризмын хаанчлалын үеэр ямар халдлага үйлдэгдэж байв?
1971 оны 2-р сар: Шигенобу Ливанд Японы улаан армийг байгуулжээ.
1972 оны тавдугаар сар: Тель-Авив дахь Лод нисэх онгоцны буудалд халдлага үйлдэж, 26 хүн амь үрэгдэж, 80 хүн шархаджээ.
1974 оны есдүгээр сар: Гаага дахь Францын элчин сайдын яам руу дайрчээ. Элчин сайд болон бусад 10 хүнийг шоронд хоригдож буй гишүүнээ суллуулсынхаа дараа сулласан юм.
1975 оны наймдугаар сар: Куала Лумпур дахь Элчин сайдын яаманд 50 гаруй хүнийг барьцаалсан.
1977 оны 9-р сар: Japan Airlines-ийн онгоцыг барьцаалж, Бангладешийн Дака хотод албадан газардуулав. Японы засгийн газар зургаан гишүүнээ суллахын тулд зургаан сая долларын барьцаа төлсөн гэдэг.
1988 оны 4-р сар: Неаполь дахь АНУ-ын цэргийн нийгмийн клубыг Улаан арми бөмбөгдөж, таван хүн амь үрэгджээ.
2000 оны арваннэгдүгээр сар: Шигенобу Осака хотод баривчлагджээ.
Эх сурвалж: The Guardian