Украины дайн, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Хятадын өсөлт гэхчилэн дэлхий дахинд тулгамдсан олон асуудлыг хэлэлцэх "Quad" буюу Дөрвөл уулзалт өнөөдөр Токио хотноо болно. АНУ, Энэтхэг, Австрали, Японы удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийх юм.
Жо Байдены Ерөнхийлөгч болсныхоо дараа Ази руу хийсэн анхны айлчлал буюу Өмнөд Солонгосоос эхлүүлсэн тав хоногийн айлчлалын төгсгөлд болж байгаа юм.
Энэхүү дөрвөл уулзалт нь 2000-аад оны эхэн үеэс эхэлсэн бөгөөд аюулгүй байдлын асуудалд төвлөрсөн албан бус бүлэг болох Энэтхэг, Япон, Австралиь АНУ-ын удирдагчдаас бүрддэг. Тус бүлэг сүүлийн жилүүдэд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын эрх мэдэл, нутаг дэвсгэрийн нэхэмжлэлийг эсэргүүцэх хүчин чармайлтын хүрээнд илүү идэвхтэй болж байгааг шинжээчид онцолдог.
Украины дайн, Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөр, Тайвань, Хятад болон Номхон далай дахь Соломоны арлуудын хооронд байгуулсан аюулгүй байдлын маргаантай шинэ хэлэлцээр нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх магадлалтай асуудлуудын аж.
QUAD БУЮУ ДӨРВӨЛИЙН ТАЛААР ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Тус бүлэг 2004 онд Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлт, цунамигийн хариуд дөрвөн улс "бүс нутгийн үндсэн бүлэг"-ийг байгуулж, авран туслах хүчин чармайлт гаргахад тусалсантай холбоотойгоор үүсчээ. Гэхдээ Quad нь 2007 онд албан ёсоор нэгдэж, мөн оныхоо тавдугаар сард анхны уулзалтаа хийсэн.
Анхны уулзалтаас хойш хэдэн сарын дараа Японы тухайн үеийн Ерөнхий сайд Шинзо Абэ хэлсэн үгэндээ “Илүү өргөн Ази… Америкийн Нэгдсэн Улс, Австралийн оролцоотой Номхон далайг бүхэлд нь хамарсан асар том сүлжээ” болно гэр төсөөлж буйгаа мэдэгдэж байв.
Улс орнууд эрх чөлөө, ардчилал, стратегийн нийтлэг ашиг сонирхол зэрэг "үндсэн үнэт зүйлс"-ийг хуваалцах нь үндсэн зорилгоо хэмээн тодорхойлсон АНУ, Япон, Энэтхэг, Австралийн дөрвөл нь Байдены Хятадыг дарах төлөвлөгөөний нэг хэсэг гэсэн хардлагад өртөх болсон.
Дөрвөл 2008 онд Хятадын хүчтэй дарамт шахалт, эдийн засгийн хариу арга хэмжээ авах аюулын дор нуран унасан гэж Ардчиллыг хамгаалах сангийн Энэтхэг-Номхон далайн бүсийн ахлах ажилтан Клео Паскал тодорхойлж байв. Гэвч 2017 онд Хятад улс дэлхийн “супер” гүрний хувьд хурдацтай хөгжиж, Бээжин улам бүр түрэмгий гадаад бодлого явуулж байна гэсэн болгоомжлол дунд дахин сэргэсэн гэдэг. Түүнээс хойш Дөрвөл бүлэг илүү идэвхтэй болж, дөрвөн төрийн тэргүүн 2021 оны 3-р сард бэлгэдлийн виртуал уулзалт хийж, тэр жилийнхээ есдүгээр сард анх удаа биечлэн уулзсан байдаг.
ДӨРВӨЛ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Хэдийгээр шүүмжлэгчид заримдаа Дөрвөлийг "Азийн НАТО" гэж нэрлэдэг ч албан ёсны цэргийн эвсэл биш, харин хагас ээлжит дээд хэмжээний уулзалтууд, мэдээлэл солилцох, цэргийн сургуулилтуудыг багтаасан албан бус стратегийн форум гэсэн тодорхойлолт илүү тохирно. Нэг гишүүн рүү халдвал бүгдэд нь халдсан гэж үздэг хамтын хамгаалалтын үзэл баримтлалтай адил цэргийн гэрээ НАТО-д байдаг. Харин Дөрвөлийн хувьд "Энэ нь ардчилсан улс бүрийн улс төрийн шийдвэр гаргахад гарсан өөрчлөлтийг тэсвэрлэж, вакцин, эдийн засаг гэх мэт зүйлсийн эргэн тойронд илүү тархсан боловч үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхийн тулд илүү санаачилгатай байх нь тэдний үндсэн зорилго” гэж Ардчиллыг хамгаалах сангийн Энэтхэг-Номхон далайн бүсийн ахлах ажилтан Клео Паскал тодорхойлжээ.
Дөрвөлийн гишүүд Ковид-19, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдал зэрэг салбарт хамтран ажилладаг. Гэхдээ аюулгүй байдал, "чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай"-ын зорилгод илүүтэй анхаарлаа хандуулдаг бөгөөд терроризм, худал мэдээлэл, нутаг дэвсгэрийн маргаан зэрэг аюул заналыг байнга онцолж байдаг.
Сүүлийн жилүүдэд цэргийн хамтын ажиллагаа нь эрс нэмэгджээв Тухайлбал, Австрали 2020 оны Малабар тэнгисийн цэргийн сургуулилтад нөгөө гуравтайгаа нэгдэж, 2007 оноос хойш анх удаа дөрвөн гишүүн бүгд сургуулилтад оролцсон байна.
Өнгөрсөн есдүгээр сард АНУ, Их Британи, Австрали улс AUKUS гэгддэг аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцуудыг бүс нутагтаа авчрах гэрээ юм. Энэ нь Францтай дипломат “шуурга”-ыг Хятадыг уурлуулсан гэх нь бий.
Энэ оны нэгдүгээр сард Япон, Австрали хоёр батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Австралийн хэлснээр уг гэрээнд "Дөрвөлийн өргөтгөсөн хөтөлбөр" багтсан байна.
ХЯТАД УЛС ХЭРХЭХ БОЛ?
Дөрвөл сүүлийн хэдэн жилийн турш Бээжинтэй тогтворгүй харилцаатай байсан нь тус бүс нутагт Хятад улс өсөн нэмэгдэж буй цар хүрээг сөрөх хүчин зүйл болж байна.
Энэтхэг, Хятадын харилцаа 2020 оны тавдугаар сард Гималайн арлын маргаантай хилийн дагуу хоёр талын цэргүүд амь үрэгдсэн мөргөлдөөнд оролцсоноос хойш улам хурцадсан.
Канберра Ковид-19-ийн гарал үүслийн талаар бие даасан мөрдөн байцаалт явуулахыг шаардсанаас хойш Австрали, Хятад хоёр худалдааны маргаанд оролцож байгаа бол Япон, Хятад хоёр Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын асуудлаар маргаантай хэвээр буй. АНУ-Хятадын харилцаа байнга “шуурга”-тай байдаг.
Дөрвөл тус бүртээ Энэтхэг-Номхон далайн өөр өөр өнцөгт байрладаг бөгөөд Хятад улстай зэрэгцэн оршиж байгаа нь цэргийн бүслэлтээс болгоомжилж буй Бээжинг түгшээдэг гол асуудал нь юм.
Эдгээр хурцадмал байдлыг улам хүндрүүлэх гэсэн мэт Хятад улс газар нутгийн нэхэмжлэлээ дахин илэрхийлж, илүү хатуу байр суурь баримтлах болсон. Сүүлийн жилүүдэд Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх өөрийн нутаг дэвсгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон НҮБ-ын шүүхээс үл хамааран цэргийн байр сууриа бэхжүүлсэн. Мөн Хятадын Коммунист нам хэзээ ч захирч байгаагүй ч өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг өөрийгөө удирддаг арал болох Тайванийн эсрэг заналхийллийг нэмэгдүүлж, агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүс рүү сөнөөгч онгоцуудаа илгээсэн билээ.
Японы Кэйо их сургуулийн бодлогын удирдлагын факультетын профессор Кен Жимбо хэлэхдээ "Хятадын өсөлт нь (зөвхөн) хөрш орнуудад төдийгүй Өмнөд Хятадын тэнгис, Малакагийн хоолой, Энэтхэгийн далай хүртэлх далайн аюулгүй байдлыг хамарсан дэлхий нийтийн үзэгдэл юм" гэжээ. Дөрөвдүгээр сард Хятад улс Соломоны арлуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулснаа зарласан нь Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ нь Хятад улс Номхон далайн жижигхэн улсад цэргийн бааз байгуулах боломж олгоно гэж олон хүн санаа зовж байсан ч арлуудын удирдагч ийм зүйл хийх бодолгүй гэж мэдэгдэж байв.
ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS