Хорт хавдрыг устгах туршилтын вирусыг анх удаа хүний биед тарьсан байна. Уг туршилт нь бие дэх хорт хавдрыг эмчлэхэд үр дүнгээ өгнө гэж эрдэмтэд онцолжээ. Хорт хавдрыг устгах CF33-hNIS (Vaxinia хэмээн нэрлэсэн) нэртэй уг генийн өөрчлөлттэй вирус нь хорт хавдрын эсийг сонгон халдварлаж, устгах боломжтой гэж тооцоолжээ.
CF33-hNIS-ийн хувьд өөрчлөгдсөн цэцэг вирусын эсэд нэвтэрч, өөрийгөө олшруулж ажилладаг. Үр дүнд нь халдвар авсан эсүүд хагарч, эсрэгтөрөгчийн үүрэг гүйцэтгэдэг олон мянган шинэ вирусын тоосонцорыг ялгаруулж, дархлааны системийг ойр орчмын хорт хавдрын эсүүд рүү дайрахыг өдөөх зарчмаар ажилладаг байна.
Амьтанд хийсэн өмнөх судалгаагаар, энэ вирус нь хорт хавдрын эсийг агнаж, устгахын тулд дархлааны системийг ашиглаж болохыг батлан харуулсан боловч өнөөг хүртэл хүн дээр туршилт хийгээдээгүй байсан юм.
Тэгвэл Лос-Анжелес дахь Хоп хотын хорт хавдрын эмчилгээ, судалгааны төв, Австралид төвтэй биотехнологийн Imugene компаний хамтран бүтээгчид хорт хавдартай өвчтөнд анхны эмнэлзүйн туршилт хийгдэж байгааг албан ёсоор зарлалаа.
"Бидний өмнөх судалгаагаар онколитик вирусууд нь дархлааны системийг өдөөж, хорт хавдрыг устгаж, бусад дархлааны эмчилгээнд илүү хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг" гэж Хоп хотын хавдар судлаач Даненг Ли хэлээд CF33-hNIS нь өвчтөнүүдийн дархлааны эмчилгээг үр дүнг сайжруулах чадвартай" хэмээн мэдэгджээ.
Хорт хавдрын эмчилгээний энэхүү нэн шинэ боломжийг нээх нь эхлээд CF33-hNIS-ийг хүмүүст хэрэглэхэд аюулгүй эсэхээс шалтгаална. Туршилтын эхний үе шат нь эмийн аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулах аж.
Хорт хавдрыг устгах вирусын уг туршилтад нийт 100 оролцогч хамрагдах бөгөөд үсэрхийлсэн эсвэл даамжирсан хатуу хавдартай насанд хүрсэн өвчтөнүүд гэнэ. Туршилтад оролцогчид өмнө нь дор хаяж хорт хавдрын эсрэг хоёр төрлийн стандарт эмчилгээг туршиж үзсэн хүмүүс юм байна.
Тэдэнд хорт хавдар устгагч вирусыг шууд тарилга эсвэл бага тунгаар судсаар хийх эмчилгээ хийнэ. Хэрэв эхний үеийн үр дүн нь амжилттай гарч, CF33-hNIS нь аюулгүй, сайн үйлчилж байна гэж үзвэл энэ эм нь хорт хавдрын дархлаа эмчилгээнд аль хэдийн ашиглагдаж буй эсрэгбиеийн эмчилгээ болох пембролизумабтай хэрхэн хосолдгийг нэмэлт туршилтаар судлах ажээ.
CF33-ийн хулганад хавдарт үзүүлэх нөлөөг судалж байсан багийг өмнө нь ахалж байсан мэс заслын онкологич Сюзанна Уорнер "Манай онколитик вирус нь хорт хавдрын тодорхой эсийг онилохын тулд дархлааны системийг сургадаг" хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: Science Alert