Ким Фордын 9 настай хүү Жак нь Ковид-19-ийн вакциныг сургуулийн эмнэлэгт хийлгэхээр төлөвлөж байсан энэ өдөр хүүгээ цар тахлын эсрэг хамгаалалттай болно гэж баярлаж байсан ч 11-р сарын 9-нд хүүгийнх нь хамар битүүрч эхэлжээ.
"Түүнийг сэрэхэд (11-р сарын 10) бие нь бүр ч дордсон байсан учраас би хүүдээ "Вакцин хийлгэхээс чинь өмнө шалгаж үзье. Хэрэв чамайг Ковид туссан бол вакцин хийлгэхийг хүсэхгүй байна" гэж хэлээд шинжилгээ өгөхөд хүүгийнх нь хариу эерэг гарчээ. Тэр цагаас хойш хүүд өнөөдрийг хүртэл Ковид-19-ийн шинж тэмдгүүд илэрсээр байгаа аж.
Жак удаан хугацааны Ковид-19-тэй сая сая хүүхдийн нэг.
"Гэдэс минь өвдөж байна. Амьсгалахад хэцүү байна. Хамар байнга битүүрэх зэрэг утгагүй зүйлсийг мэдэрч байна" гэж Жак Форд хэлэв. "Энэ бүхэн заримдаа үнэхээр ядаргаатай байдаг. Хүмүүс чамайг худлаа өвдөж байна гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол жинхэнэ Ковид” гэж тэр нэмж хэлэв.
Хүүхдүүдийн энэ насны бүлэгт энэ талаар хангалттай судалгаа хийгдээгүй байгаа тул хэчнээн хүүхэд удаан хугацаагаар өвчилж байгаа нь тодорхойгүй байгаа аж. Цар тахал эхэлснээс хойш бараг 13 сая хүүхэд Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсан талаар Америкийн хүүхдийн эмч нарын академиас мэдэгдсэн байдаг. Тус академийн хийсэн судалгаанаас харахад эдгээр хүүхдүүдийн 2-10% нь урт хугацааны Ковидтой болсон гэж байгаа ч энэ тоо илүү их байх магадлалтай гэнэ . Олон эцэг эхчүүд хүүхдээ удаан хугацааны Ковидоор өвчилснийг мэдээгүй байж магадгүй, эсвэл хүүхдийн эмч нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байж ч болох юм.
Насанд хүрэгчдийн хувьд зарим судалгаагаар урт хугацааны Ковид нийт халдварын тохиолдлын 30 орчим хувийг эзэлж байна.
Хьюстон дахь Техасын хүүхдийн эмнэлгийн доктор Сара Кристен Секссон Тейтел "хүүхдүүдийн өвчилсөн урт хугацааны Ковидийг оношлогдоогүй асуудал гэдэгт би хувьдаа итгэдэг" гэжээ.
Ер бусын шинж тэмдгүүд
Удаан хугацааны Ковидод зориулсан тусгай шинжилгээ байхгүй. Хүүхдэд Ковид-19-ийн хөнгөн хэлбэрийн тохиолдол ч тохиолдож болох тул аль хүүхэд урт хугацааны Ковидоор өвчлөх нь тодорхойгүй гэнэ.
Даллас дахь UT баруун өмнөд эмнэлгийн Хүүхдийн халдварт өвчний хэлтсийн дарга, доктор Жеффри Кан хэлэхдээ "Эдгээр хүүхдүүдийн хэдэд нь цар тахлын шинж тэмдэг нь илэрч, хэдэд нь олон төрлийн шинж тэмдэг илэрч байгааг бид бүрэн ойлгоогүй л байна. Зарим нь шинж тэмдэггүй ч Ковидын халдварын дараа зүрхний дутагдалтай ирж байна" гэжээ. Тэрээр "Миний анхаарлыг татсан нэг зүйл бол хүүхдүүд ихэвчлэн халдвар авснаас хойш дөрвөн долоо хоногийн дараа урт хугацааны Ковидтой болох нь илэрч байгаа халдвар авсан эсэх шинж тэмдэггүй байгаа нь үнэхээр гайхшруулж байна" гэдгийг онцолжээ.
Удаан хугацааны Ковидтой хүүхдүүд эдгээр шинж тэмдгийг үүсгэж болзошгүй өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан ч юу ч илрэхгүй байх магадлалтай.
Хүүхдүүдийн уушгины үйл ажиллагааны шинжилгээ, ЭКГ хэвийн гардаг нь удаан хугацааны Ковидтой хүүхдүүдэд маш түгээмэл тохиолддог байна. Заримдаа бүх шинжилгээ хэвийн гарах нь бий гэнэ.
Кливленд дэх UH Rainbow Babies & Children's эмнэлгийн хүүхдийн урт хугацааны Ковидын клиникийг удирддаг доктор Эми Эдвардс “хүүхдүүдийн ходоод гэдэс, хоол боловсруулах зам хэвийн байгаа. Би дархлааны том шинжилгээ хийдэг, тэдний дархлаа хэвийн харагдаж байна. Бүх зүйл "хэвийн харагдаж байна" гэхдээ хүүхдүүдийн бие хэвийн биш байна" гэж хэлэв. “Би эцэг эхчүүдэд анагаахын шинжлэх ухаан ойлгож, туршиж үзэхэд ч хязгаар байдаг гэж хэлдэг. Заримдаа бид үүнийг хаанаас хайхаа мэдэхгүй болдог. Насанд хүрэгчдийн асуудал илүү тод илэрдгийн учир нь тэд шинжилгээгээр эд эрхтний үйл ажиллагааны доголдолтой байх магадлал өндөр байдагтай нь холбоотой” гэдгийг онцлон дурдсан байна.
Эмч нар Ковид яагаад хүүхдүүдэд ийм байдлаар удаан үргэлжилдэгийг ойлгохыг хичээсээр байна. Тэд мөн хүүхдүүдэд урт хугацааны Ковидыг ямар шинж тэмдэгээр тодорхойлдог болохыг олж тогтоохоор ажиллаж буй.
Насанд хүрэгчдэд хийсэн зарим судалгаагаар удаан хугацааны Ковидын 200 гаруй шинж тэмдэг илэрдэг боловч бүх нийтийн эмнэлзүйн тохиолдлын тодорхойлолт байдаггүй аж.
Техас дахь Sexson Tejte-ийн эмнэлэгт хүүхдүүд хэд хэдэн ангилалд багтах хандлагатай байдаг гэдгийг мэдэгджээ. Тухайлбал, Зарим нь ядарч сульдах, манарах, толгой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрч байгаа бол зарим хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй, дүн нь унах зэрэг асуудал тулгардаг байна.
Өөр нэг бүлэг нь зүрхний цохилт түргэсэх зэрэг зүрхний асуудалтай болох нь бий гэнэ.
Ким Форд "Урт хугацааны Ковидоор өвчилсөн өвчтөнүүдэд дасгалын дараах сул дорой байдал илэрдэг нь Жакын хамгийн том асуудал юм" гэжээ. "Гэхдээ энэ нь бие махбодийн хувьд зөвхөн яригдахгүй. Тэр өмнөх өдөр нь ямар нэг зүйлд үнэхээр бухимдсан эсвэл зурагт үзэх, видео тоглоом тоглох гэх мэт зүйлд үнэхээр сэтгэл дундуур байсан байж магадгүй. Тэгвэл сандал дээрээ суухаараа сандлаа цохих зэрэг авир гаргадаг" гэдгийг ч хэлжээ.
Кливленд дэх урт хугацааны Ковид клиникийг ажиллуулдаг Эдвардс эмч “Хүүхдүүдийнхээ хэр их энерги зарцуулж байгааг сайтар тэнцвэржүүлэх талаар эцэг эхчүүдтэй ярилцах ёстой гэж хэлэв. Ихэнх эрүүл хүмүүс ядарсан бол түүнийгээ даван туулж чадна, гэхдээ удаан хугацааны Ковидтой хүмүүс үүнийг даван туулж чадахгүй. Тэдэнд нэг хувин энерги л байгаа юм шиг байдаг. Үүнийгээ сургууль, тоглоом, зурагт үзэх зэрэгт маш болгоомжтой ашиглах хэрэгтэй. Тэдний хийж байгаа зүйл болгонд энерги зарцуулагддаг. Тэгээд л энергийн хувин хоосон болно" гэдгийг Эдвардс эмч онцолсон байна.
Вашингтон дахь Хүүхдийн үндэсний төвийн Ковидын дараах клиникийн захирал доктор Александра Йонтс "Би хэт шүүмжлэлтэй байхыг хүсэхгүй байна, гэхдээ зарим эмч нар үүнийг шууд үгүйсгэдэг” гээд “Удаан хугацааны Ковид нь жинхэнэ асуудал болж чадна гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
"Өмнө нь хэзээ ч тэргэнцэртэй байгаагүй хүүхдүүд Ковид өвчнөөр өвчилснөөс хойш би тэргэнцэртэй хоёр хүүхэдтэй болсон. Таягтай нэг хүүхэд байна. Бас гаргүй болсон хүүхэд ч бий” гэж Эдвард хэлэв.
Өнгөрсөн жил нээгдсэн Эдвардсын клиникийн мэргэжилтнүүд өвчилсөн хүүхдийнхээ хуваарийг боловсруулж, энергиэ хаана, юунд зарцуулах, хэзээ завсарлага авахыг тодорхойлохоос гадна хүүхдүүдэд бясалгалыг заан, массажны эмчилгээ, оюун санааны дасгал хийлгэдэг гэнэ.
Тус клиникийн хийдэг гол зүйл бол хүүхдүүдийг хангалттай унтуулж, эрүүл хооллолтыг дэмжих явдал аж.
Эх сурвалж: CNN Health