ЕХ-оос ОХУ-д хориг тавих дөхөж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ долоо хоног бүр нэмэгдсээр байна.
Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 112.39 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техасын нефтийн үнэ баррель нь 109.77 ам.долларт хүрчээ.
Баасан гарагт нефтийн үнэ бараг 1.5 хувиар өслөө. Оросын нефтийн эсрэг Европын холбооноос авч буй хориг арга хэмжээ нь нийлүүлэлтийг чангатгах төлөвийг нэмэгдүүлж, худалдаачид дэлхийн эдийн засгийн өсөлтөд санаа зовниж эхэлснээс хойш хоёр дахь удаагаа өссөн нь энэ юм.
АНУ-ын West Texas Intermediate (WTI) газрын тосны үнэ 1,51 ам.доллар буюу 1,4 хувиар өсөж, баррель нь 109,77 ам.доллар болсныг Price Futures группийн шинжээч Фил Флинн хэлэв.
ОХУ-ын Украины дахь түрэмгийллийн улмаас ЕХ Оросын газрын тосонд хориг тавьсны дараах долоо хоногт WTI 5 орчим хувиар өссөн бол Брент 4 орчим хувиар өссөн байна. ЕХ-ны гурван эх сурвалж Ройтерс агентлагт мэдэгдэхдээ тус хориг арга хэмжээг авахад дурамжхан хандаж буй улс орнуудын саналыг авч, 27 гишүүн орноос шаардлагатай дэмжлэг авахын тулд анхаарч ажиллаж байгаа гэдгээ дурджээ. Эхний саналд Оросын түүхий болон нефтийн бүтээгдэхүүний ЕХ-ны импортыг энэ оны эцэс гэхэд зогсоохыг шаардаж буй аж.
“Оросын нефтийн эсрэг ЕХ-ны хориг нь нийлүүлэлтийн огцом хомсдолд хүргэж байна. Ямар ч байсан эрчим хүчний үнэ өсөх нь инфляцыг “хортой” түвшинд хүргэж байгаа ч үүнд ОПЕК+ туслах сэтгэлгүй байна” гэж PVM-ийн шинжээч Стивен Бреннок мэдэгдэв.
Нефть экспортлогч орнуудын байгууллага, Орос болон холбоотон үйлдвэрлэгчид (ОПЕК+) олборлолтоо нэмэгдүүлнэ гэсэн барууны орнуудын уриалгыг үл тоомсорлож, зургадугаар сарын олборлолтоо өдөрт 432 000 баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаад буй. Гэсэн хэдий ч шинжээчид хүчин чадлын хязгаарлалтаас шалтгаалан группийн үйлдвэрлэлийн бодит өсөлт хамаагүй бага байх болно гэж шинжээчид таамаглаж байна.
Пүрэв гарагт АНУ-ын Сенатын хэсэг ОПЕК+-ийг газрын тосны үнийг өсгөх талаар тохиролцсон хэргээр шүүхэд өгөх хуулийн төслийг өргөн барьсан юм.
Нийлүүлэлтийн талаас авч үзвэл, АНУ-ын газрын тосны цооногуудын тоо (ирээдүйн гарцын эхний үзүүлэлт) энэ долоо хоногт таваар нэмэгдэж 557 болсон нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Вашингтон нефтийн нөөцөө яаралтай нөхөхийн тулд 60 сая баррель түүхий нефть худалдан авах төлөвлөгөөгөө танилцуулснаар энэ намар АНУ-ын эрэлт эрс нэмэгдэнэ гэсэн хүлээлтийг хөрөнгө оруулагчдад бий болжээ.
Английн төв банкнаас Их Британид эдийн засгийн уналт, инфляц 10 хувиас дээш гарах эрсдэлийг давхар анхаарууллаа. Зээлийн хүүг дөрөвний нэг нэгж хувиар өсгөж, нэг хувь болгосон нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хятад дахь Ковид-19-ийн хатуу хязгаарлалт нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг, газрын тос импортоор тэргүүлэгч орны хувьд эсрэг салхи үүсгээд байна.
Эх сурвалж: REUTERS