Цагаан хоолтон хүүхдүүд болон мах иддэг хүүхдүүдийн өсөлт, өндөр, хоол тэжээлээрээ авч байгаа илчлэгийн хувьд ижил төстэй байсан ч цагаан хоолтон хүүхдүүд жингийн дутагдалд орох магадлал өндөр байдаг гэдгийг Pediatrics сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ.
Энэхүү судалгааны ахлах зохиолч, Торонтогийн Гэгээн Майклын нэрэмжит эрүүл мэндийн эмнэлгийн хүүхдийн эмч, доктор Жонатон Магуайр өөрсдийн хийсэн судалгааны ажлын үр дүнг хуваалцжээ.
Судлаачид TARGet Kids хөтөлбөрт оролцсон зургаан сараас найман настай 9000 орчим хүүхдийн мэдээллийг ашиглажээ. Эдгээр хүүхдүүд 2008 болон 2019 оны хооронд төрсөн бөгөөд Торонто дахь анхан шатны тусламж үйлчилгээний практикт суурилсан судалгааны сүлжээ, когорт судалгаа аж.
Олон жилийн туршид TARGet Kids судалгааны оролцогчдын биеийн жингийн индекс, жин, өндөр, холестерины түвшин, триглицерид, Д аминдэмийн түвшин, ийлдэс дэх ферритины түвшинг хэмжсэн байна. Ферритин нь төмрийг хадгалдаг эсийн уураг бөгөөд шаардлагатай үед төмрийг бие махбодид хэрэглэх боломжийг олгодог тул ферритины шинжилгээ нь цусан дахь төмрийн түвшинг шууд бусаар хэмждэг байна.
Судалгааны эхэнд 248 хүүхэд цагаан хоолтон байсан бол 338 хүүхэд нэмж цагаан хоолтон болжээ. Хүүхдүүдийг дунджаар гурван жил орчим ажиглахад хүүхдүүдийн өндөр, ийлдэс дэх ферритины түвшин, Д аминдэмийн түвшин зэрэг цагаан хоолтон болон цагаан хоолтон бус хүүхдүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа гараагүй гэнэ.
Харин цагаан хоолтон хүүхдүүд мах иддэг хүүхдүүдээс бараг хоёр дахин бага жинтэй байжээ.
Жингийн дутагдал буюу тураалтай байх нь хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдэг байж болох бөгөөд цагаан хоолны дэглэм нь зохих өсөлтдөө хүрэхэд хангалтгүй байгааг илтгэдэг.
Өсөлт, хоол тэжээлд нөлөөлж болохуйц хоолны дэглэмийн хэрэглээ, чанар, бие махбодийн үйл ажиллагааны талаар зохиогчид тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Цагаан хоолтон болон цагаан хоолтон бус жингийн дутагдалтай хүүхдүүд ази гаралтай байсан аж. Эдгээр Ази хүүхдүүд Зүүн Энэтхэг гаралтай байсан. Учир нь "Азийн" хүн ам зүйн хэсгийн Энэтхэг улс байрладаг хэсэгт хүүхдүүд цагаан хоолтон болох магадлал илүү өндөр байдаг . Энэтхэгт хүүхдийн өсөлтийн график АНУ-ын өсөлтийн графикаас ялгаатай. Энэтхэгт 5 настай охин дунджаар 17 кг жинтэй, 108 см өндөртэй байдаг бол АНУ-д 5 настай охины өндөр нь ижил ч 18 кг жинтэй байдаг аж.
"Хүүхдүүдийн хоолтон эсэхээс үл хамааран тэдний өсөлтийг хянах нь чухал" гэж Хоол тэжээл, хоолны дэглэмийн академийн хэвлэлийн төлөөлөгч Эми Кимберлейн дүгнэсэн байна. Цагаан хоолны дэглэм нь бүх хүүхдэд зориулсан эрүүл сонголт байж болно. Гол нь үүнийг сайтар төлөвлөх явдал юм. Хоол тэжээлийн мэргэжилтний тусламжтайгаар хүүхдийн өсөлт хөгжилтийг хянахаас гадна тэдний хэрэгцээт шим тэжээлийг хянах боломжтой юм. Жингийн дутагдалд оруулахгүй байдлаар хооллолтыг зохицуулж, хүүхдээ цагаан хоолоор хооллохдоо эцэг эхчүүд өндөг, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны бүтээгдэхүүн, самар, үрийг тогтмол хэрэглэж байх ёстой ажээ.
Эх сурвалж: CNN Health